Цагаан сар дөхөхөөр айл өрхүүдэд идээ шүүс, гарын бэлэг гээд бэлдэх зүйл бишгүйдээ их. Ялангуяа Цагаан сараар Монгол түмний зочломтгой зан чанарын илрэл гар цайлгах уламжлал сүүлийн үед санал, шүүмж ихээр дагуулах болоод буй.

Үндэсний статикийн хорооны гаргасан судалгаагаар нэг өрх гарын бэлэгт дунджаар 780 мянган төгрөг зарцуулдаг байна. Харин бэлгийн 80 гаруй хувийг импортын бараа бүтээгдэхүүн эзэлдэг бөгөөд Монголчууд уламжлалт баяраараа 357 гаруй тэрбум төгрөгийн гадагш нь урсгадаг гэж тооцоолжээ.

Энэ их хэмжээний мөнгийг дотооддоо авч үлдэх гарц нь Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэдгийг амтай бүхэн ярих боллоо. Хэрэв үнэхээр энэ их хэмжээний мөнгийг гадагш нь бус дотооддоо үлдээж чадвал эдийн засагт маш том түлхэц болох юм.

Иймээс үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш, борлуулалтыг сурвалжлахаар Мишээл экспод дэлгэгдсэн үзэсгэлэн худалдааг зорьсон юм. Тус үзэсгэлэн худалдаан дээр очиход нүд эрээлжлэм олон импортын бараан дунд өдрийн од шиг гялтайх ганц нэгхэн үндэсний үйлдвэрлэгчдийн лангуу харагдана.

Зураг: Өдрийн Тойм

Бид хамгийн түрүүн ноос, ноосон бүтээгдэхүүн худалдаалж буй БГД-ийн иргэн С.Нямаатай уулзлаа. Тэрээр цэвэр хонины ноос болон, сарлагийн хөөврөөр хийсэн оймс, бээлий, Монгол цамц тэргүүтнийг зарж байлаа. Үнийн хувьд хүүхдийн оймс, бээлий 5000 төгрөг, том хүний оймс, бээлий 8-10 мянган төгрөгийн хооронд байна. Мөн Монгол ноосон цамц 30-55 мянган төгрөгийн үнэтэй байв.

Тэрээр ‘Монголд түүхий эд, утас нь үнэтэй, олон шат дамждаг учир үйлдвэрийн бүх зардлаа хасаад хамгийн хямд өртгөөр зарж байгаа’ гэдгээ хэллээ. Харин иргэд гэр бүлийнхээ хүрээнд худалдан авалт хийж байгаа ч өндөр үнэтэй байгааг хэлдэг байна.

Арга ч үгүй юм. Хажууханд нь “Солонгос оймс -₮1000” гэсэн бичигтэй лангуу нүдэнд зурайж харагдах нь тэр.

Үүний дараа Энхжин сувинер брэндийн лангуугаар зочлоход хүний өдөр тутмын хэрэглээний цүнх, түрийвч, алчуур, эрчүүдэд зориулсан дарсны сав тэргүүтэй бүтээгдэхүүнийг 10-180 мянган төгрөгийн хооронд худалдаалж байв. Басхүү нэлээд худалдан авагчдын хөл хөдөлгөөнд дарагдаастай.

Түрийвч, алчуур зэрэг арьсан бүтээгдэхүүн дээр байгаа зургийг үйлдвэрлэгчид өөрсдөө зурж, патентжуулан хэвлүүлдэг гэдгийг худалдагч онцолсон бөгөөд үндэсний үйлдвэрлэл гэдэг утгаараа жил ирэх тусам хүмүүсийн худалдан авалт нэмэгдэж байгааг дурдлаа.

Мөн энэ үзэсгэлэн худалдаанд мөнгөн аяга, домбо, гар урлал, арьсан эдлэл, хүзүүний зүүлт, арьсан тэлээ, Монгол дээл, хувцас тэргүүтэй үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээлүүд 5-350 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байв.

Энэ дундаас Монос косметикийн гоо сайхны гарын бэлгийн багцууд худалдан авагчдын анхаарлыг нэлээдгүй татаж байсан юм. Тухайлбал, бэлгийн багцад Биодерм үндэсний брендийн бүтээгдэхүүнүүд багтсан бөгөөд үс, арьс арчилгааны багц, эрэгтэй хүний багц, өсвөр үеийн багц, нярайн багц гэсэн төрлүүд 8.500-25.000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байв.

Иргэдийн зүгээс дэмжих, худалдан авалт хийх нь сайн байгаа ч мөн л үнэ ханш өндөр байгааг хэлэх хүн цөөнгүй байгаа гэнэ. Энэ нь хүмүүс илүү хямд бэлэг авах сонирхолтой холбоотой байх гэж Монос косметикийн бренд хариуцсан менежер Ч.Сарангэрэл хэллээ.

Үүнийг бусад гоо сайхны бүтээгдэхүүний үнэ ханштай харьцуулах үүднээс Япон брендийн Mild косметикийн бэлгийн багцтай танилцлаа. Тус бренд мөн л арьс, нүүр арчилгаа зэргээр бэлгийн багц гаргасан бөгөөд үнийн хувьд 11-80 мянган төгрөгийн хооронд байв.

Монгол оймс VS Хятад оймс

Худалдан авагчдаас үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг эсэхийг тодруулахаар нэгэн эргэлзээтэй асуултыг асуусан юм.

Энэ нь “Та 5000 төгрөгийн үнэтэй Монгол оймс авах уу эсвэл 2000 төгрөгийн Хятад, Солонгос оймс авах уу?” гэх асуулт байлаа. Энэхүү асуултыг асуусан дийлэнх иргэд Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэх хариултыг итгэлтэй хэлж байсныг энд онцлоё.

Үүнээс үзэхэд иргэд импортын бараанаас илүү хэрэгцээ шаардлага хангахуйц үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сонирхолтой байгаа гэдгээ илэрхийлж байсан юм. Тухайлбал:

Зураг: Өдрийн Тойм

СХД-ийн иргэн Ц.Батсайхан: Болж өгвөл үндэсний юмаа авахыг боддог ч тэр болгон хэрэгцээ сонирхол хангахгүй байна. Энэ нь ч араггүй л байх. Үйлдвэрлэл технологи технологи дутмаг, үнийн хувьд ч өндөр талтай. Цаашдаа иргэдийн амьжиргаа дээшилбэл худалдан авалт нэмэгдэж, бараа бүтээгдэхүүн нь ч төгөлдөрших байх.

Зураг: Өдрийн Тойм

БГД-ийн иргэн Ц.Бумбаа: Аль болох Монгол үйлдвэрээ дэмжихийг боддог. Өндөр үнэтэй ч чанар сайтай байдаг. Ялангуяа ноолууран эдлэл, нэг хятад оймс бэлгэд өгснөөс монгол оймс өгсөн нь хамаагүй чанартай, эдэлгээтэй.

Зураг: Өдрийн Тойм

БГД-ийн иргэн Д.Алтансувд: Цагаан сараар аль болох аятайхан, чанартай, хэрэгцээтэй бэлэг өгөхийг боддог. Сүүлийн үед үндэсний үйлдвэрлэл дэмжихийг хүсдэг болсон. Гэхдээ дотоодын бараа бүтээгдэхүүн үнэтэй байгаа учир тэр болгон авч чаддаггүй. Зарим үед хэрэгцээ шаардлагын үүднээс өөрт таалагдсан зүйлсээ авахын тулд зайлшгүй гадны бүтээгдэхүүн сонгодог.

Энэ мэт ихэнх иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хүсэлтэй ч үнэ өртөг, сонголт, хэрэгцээ шаардлага импортын бараа бүтээгдэхүүнтэй дүйцэхгүй байгаа гэх шүүмжлэл хэлж байна. Гагцхүү энэ нь Үндэсний үйлдвэрлэл хөгжихөд хамгийн том гацаа түгжээ болж байгаа гэхэд хэлстэхгүй.

Үүнээс гадна иргэдээс цагаан сараар гарын бэлгэндээ үндэсний ямар бараа бүтээгдэхүүн авсныг асуухад бүгд л оймс, бээлий, ойр дотнынхондоо ноос, ноолууран цамц авсан гэх түгээмэл хариултуудыг түүртэн хэлж байсан юм.

Гэвч хүний хэрэгцээ хязгааргүй гэдэг. Оо саван, шил толь арчигч гээд наад захын ахуйн хэрэглээнээс авахуулаад хүний хэрэгцээнд тулгуурласан бараа бүтээгдэхүүнүүд асар их. Гэвч нийгмийн энэ хэрэгцээ шаардлагыг хангах үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн, сонголт тун цөөхөн.

Хатуухан хэлэхэд үндэсний үйлдвэрлэл гэхээр өнөөх л жуулчдын өмнөөс инээмсэглэн барьдаг, Их хааны зурагтай түрийвч, арьсан эдлэл, ноосон оймсноосоо хэтрэхгүй байгаа нь иргэдийн сэтгэл ханамжаас тодрох мэт болсныг нуух юун.

Тиймээс үндэсний үйлдвэрлэлийг дэмжих үү, эс дэмжих үү гэх асуудлыг үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх үү, эс хөгжүүлэх үү гэх бодлогын түвшний асуултад үлдээе.