Хөдөө орон нутгийн иргэд, Улаанбаатар хотын  гэр хорооллын оршин суугчдын ихэнхи нь баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмж хангалтгүй байгаа тул ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийн тэгш бус  байдлыг арилгах шаардлагатайг НҮБ‐ын хүний эрхийн шинжээч Засгийн газарт анхаарууллаа.

“Монголд ялгаатай байдал илт харагдаж байна. Хотын оршин суугчид  цэвэр болон бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон тохилог орон сууцанд амьдарч байхад орон нутгийн иргэд болон Нийслэлийн гэр хорооллын дийлэнхид ийм боломж байхгүй байна” гэж Ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийн асуудал эрхэлсэн НҮБ‐ын тусгай илтгэгч Лео Хеллер хэллээ.

“Олон монгол хүн өдгөө ч ундны усаа худгаас зөөж, гэрийнхээ гадаах нүхэн жорлонг ашигласан  хэвээр байна. Гэрт амьдардаг хүмүүстэй уулзаж байхад тэд өгсүү гудмаар явж, худгаас авсан усаа зөөх, тэсгэм хүйтэнд гадаа жорлонд бие засах хэцүү байдаг тухай ярьж байсан” гэлээ.

Тэрээр айлчлалынхаа төгсгөлд, “Нийслэл, томоохон хотууд, аймаг, сумын төв, хөдөө орон нутаг, ер нь хаана ч амьдардаг байсан ялгаагүй, Монголын иргэн болгон баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдсан байх ёстой. Тэд орон сууцанд, дан байшинд, монгол гэрт амьдардаг ч эдгээр үйлчилгээг аль болох ижил түвшинд авдаг байх ёстой” гэсэн юм.

Монголын нийгэмд ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийн хувьд ялгаа бий  болсон нь хэд хэдэн хүчин зүйлээс улбаатай гэж тэр хэлэв. “Эрс тэс уур амьсгал, газар зүйн  байршил, хүн амын тархмал суурьшил, хөрөнгө санхүүгийн хомсдол, ус, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээтэй холбоотой чиг үүргийн зохисгүй хуваарилалт зэргээс шалтгаалан  ийм нөхцөл байдал үүссэн” гэж тэрээр үргэлжлүүлэн хэлэв.

“Ундны ус, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээтэй холбоотой Монголын хууль эрх зүй,  бодлого, төрийн байгуулалтын бүтэц зохион байгуулалт нь баталгаат цэвэр ус, ариун цэврийн  байгууламжаар хангагдах хүний эрхийн үзэл баримтлалд суурилаагүйд л асуудлын гол учир шалтгаан байна” гэж Хеллер хэллээ.

Тэрээр “Хүний эрхийн үзэл баримтлалыг удирдлага болгож ажиллавал Монгол улсын Засгийн газар иргэдийнхээ баталгаат цэвэр ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах хүний эрхийг  амжилттай хэрэгжүүлж чадна. Иймээс, тэгш бус байдлыг арилгахад нэн тэргүүн ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй” гэв.

Айлчлалынхаа хүрээнд Хеллер төв болон орон нутгийн захиргааны байгууллагын албаны хүмүүс, иргэний нийгмийн төлөөлөл, гэр хорооллын болон орон нутгийн иргэд, малчидтай уулзаж ярилцсан байна. Тэрээр Улаанбаатар хот,  Дундговь аймаг, Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогт‐Цэций суманд ажиллалаа.

Тусгай Илтгэгч Монгол улсад хийсэн үнэлгээний дэлгэрэнгүй тайланг энэ оны 9 дүгээр сард болох  НҮБ‐ын Хүний эрхийн зөвлөлийн 39 дүгээр чуулганд танилцуулна.

Эх сурвалж: un-mongolia.mn