АН-ын намын зөвлөл өргөтгөсөн хурлаа хийж Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцсэн байна. Уг хуралд УИХ-ын гишүүн О.Баасанхүү оролцсон бөгөөд АН Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт орохгүй гэдгээ мэдэгдлээ. 

“Иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэлгүйгээс болж орж буй өөрчлөлтийн талаар ямар ч мэдээлэлгүй байна. Мөн тэд одоогийн олонх болсон эрх баригчдаар эцэг хуулиа өөрчлүүлэхийг хүсэхгүй байгаа” гэж  АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэллээ.

Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой чуулган болоод байнгын хороонд явагдаж байгаа хэлэлцүүлгийг хойшлуулж 10-р сард болох ард нийтийн санал асуулгад ач холбогдол өгөх шаардлагатай гэлээ. 

Түүнчлэн Үндсэн хуулийн өөрчлөлтөд ардчилал болон Үндсэн хуулийн суурь зарчмыг эвдсэн олон зүйл тусгасан тул Үндсэн хуулийн дордуулсан долоон зүйлийг эхлээд засах нь зөв гэх байр суурийг илэрхийллээ. 

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү Үндсэн хуулийн өөрчлөлтөд иргэдийн санал тусгагдахгүй байгааг шүүмжилж, “эрх баригчдын 49 нь ЖДҮ-чин, хулгай дээрэмчин гээд ёс зүйгүй тул Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийлгэхийг хүсэхгүй байна” гэсэн юм. 

Үүнээс гадна Үндсэн хуулийн өөрчлөлтөд суурь зарчмыг алдагдуулсан, нутгийн удирдлагын буруу концепц, давхар дээл, төрийн алба, шүүх эрх мэдлийн олон асуудал зөрчилтэй зүйл байгааг хэллээ.

Тиймээс эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг 64 кнопоор хүчээр баталж болох ч Үндсэн хуулийн хямралаас үүссэн үр дүнг Монголын ард иргэд бүгд үүрнэ гэдгийг сануулсан юм. 

Сануулахад, одоогийн Үндсэн хуулийг 1992 онд баталсан ба 2000 онд хоёрдугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.