УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногоос орон нутаг, тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд танилцуулж, тэдний саналыг авч эхэлсэн юм. 

Даваа гарагийн байдлаар УИХ-ын 40 гаруй гишүүн сум, хороо, баг болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын албан хаагчдад нийт 150 гаруй удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, иргэд олон нийтийн саналыг хүлээн авчээ. 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй 19800 иргэн танилцсан ба дөрвөн багц сэдвийн хүрээнд тусгах саналаа ирүүлсэн байна. Ийнхүү УИХ-ын Тамгын газраас иргэдээс ирсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг өчигдрөөс эхлүүллээ.

Тодруулбал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дэд ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хүрээнд иргэдээс цаасаар, утсаар, цахим хуудсаар ирүүлж байгаа санал нэг бүрийг цахим программд оруулан, санал, дүгнэлт боловсруулах юм.