Эрх баригчид дангаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж байгаа нь буруу гэж МАХН үзэн Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой санал боловсруулсан байна.

МАН-ын боловсруулсан Үндсэн хуулийн төсөлд төрийн эрх мэдлийг данхайлган, ард түмний эрх мэдлийг орхигдуулсан, байгалийн баялаг, боловсролын тэгш хүртээмжийг өөрчлөх дорвитой заалт ороогүй гэж тэд үзжээ. 

Мөн Үндсэн хуулийн өөрчлөлт нь зөвхөн өндөр эрх мэдэлтнүүдийн албан тушаалын хугацааг сунгах, богиносгох, эрх мэдлээ хуваарилах асуудал биш. Харин хүн бүрт өгөөжөө өгөх ёстой тул бусад намууд, иргэдийн чөлөөт шударга хэлэлцүүлэгт үндэслэн санал асуулгаар шийдэхийг МАХН саналдаа тусгасан байна.

Тухайлбал, “одоогийн боловсруулсан Үндсэн хуулийн өөрчлөлтөд байгалийн баялгийг тэгш хүртээх асуудал тусгагдаагүй харин ард түмний сайн сайханд зарцуулна гэх ганган үгээр хуурч бүх баялгийг төрд авах заалт тусгагдсан” гэж МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян хэллээ.

Иймд Оюутолгой, Тавантолгой зэрэг том ордыг бүх ард түмний өмч байлгах үүднээс хүн бүрт гэрчилгээ олгож, жил бүр байгалийн баялгаас олсон орлогыг тэгш хүртээх заалт тусгасан байна. Мөн уг гэрчилгээгээ ашиглан иргэд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг төрөөс үнэгүй авах гэнэ. 

Түүнчлэн улсын өмчийн бүх их дээд сургуулийн зардлыг төрөөс гаргадаг байх ёстой гэж үзсэн байна. Учир нь Монголд зөвхөн олигарх, улс төрчдийн хүүхдүүд өндөр боловсрол эзэмшиж жирийн иргэний хүүхэд боловсролоос хоцорч байгаа гэлээ. 

Үүнээс гадна төр барих сонгодог тогтолцооны дагуу УИХ-аас Засгийн газраа бүрдүүлдэг, шүүх засаглалаа УИХ нь сонгодог хараат байдлаа арилгаж, ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч шууд Засгийн газраа бүрдүүлэх ёстой гэв. Түүнчлэн Засгийн газар, УИХ хараат бус байж гишүүд давхар дээл өмсөх шаардлагагүй гэж үзжээ.

Харин эрх баригч МАН-ын боловсруулсан Үндсэн хуулийн өөрчлөлтөд намын дарга нь бүхнийг мэдэгч Ерөнхий сайд болж, УИХ нь мөрдөн байцаах газрын ажил хийдэг болох заалт орсон гэж Н.Энхбаяр хэллээ.