Өндөр хөгжилтэй орны дунд насныхны дунд хорт хавдраар нас барах эрсдэл зүрх судасны өвчнөөс 2.5 дахин өндөр байдгийг Канадын эрдэмтэд тогтоожээ. 

Харин буурай оронд эсрэгээрээ буюу зүрх судасны өвчлөлөөр нас барах нь гурав дахин их байдаг байна. 

Судлаачид 2005-2016 онд 21 орны 35-70 насны 160 мянган хүний дунд хийгдсэн судалгааг ашигласан ба үүнд нас баралтын 11 мянган тохиолдол илэрчээ. Үүнд буурай орных баян орноос дөрөв дахин их байсан ба 2000 гаруй нас баралтын шалтгаан нь тодорхойгүй байсан аж. 

Харин хөгжиж буй болон буурай орны нас баралтын шалтгааны 40-өөс илүү хувь нь зүрх судасны өвчин байжээ. Эрдэмтэд үүнийг хөгжингүй орны иргэд эмнэлгийн үйлчилгээнд тогтмол хамрагдаж, эм тарианы хүрэлцээ сайтай байдагтай холбон тайлбарласан байна. 

Эх сурвалж: BBC, RTE