Засгийн ээлжит хуралдаанаар үнэт металлын сорьц тогтоох чиг үүрэг бүхий лабораторийг орон нутагт байгуулахаар боллоо. Ингэхдээ төвийн бүсэд Дархан-уул аймагт, баруун бүсэд Баянхонгор аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн бүтцэд байгуулахаар болжээ.

Лаборатори байгуулахад шаардагдах 700 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг Швейцарын хөгжлийн агентлагийн төслөөс санхүүжүүлэх юм байна.

Мөн батлагдсан төсөв, орон тоо, урсгал зардалд үндэслэн лабораторийн үйл ажиллагааг энэ оны III улиралд эхлүүлэхийг Шадар сайдад үүрэг болголоо.  

Энэхүү лаборатори орон нутагт байгуулагдсанаар бичил уурхайгаар олборлосон алтыг худалдан авах, хадгалах, тээвэрлэх, сорьц тогтоох, иргэдэд шууд хүргэхэд чухал үүрэгтэй байна.

Цаашид Засгийн газраас үнэт металлын сорьцын лабораторийн үйл ажиллагаа, техник технологийн бэлэн байдал, чадавхыг бэхжүүлэхэд шаардагдах зардлыг 2019 оны улсын төсөвт тусгах юм байна.  

Дашрамд дурдахад, манай улсад алт үнэт эдлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 85 ААН, 130 гаруй алтны худалдаачид алт, мөнгө үйлдвэрлэдэг 100 гаруй ААН, иргэд байгаа юм.

Харин улсын Үнэт металлын сорьцын хяналтын газрын лаборатори жилд дунджаар 200 мянга гаруй алт, үнэт эдлэлд сорьцын баталгааны тэмдэг дардаг байна.