Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулж буй Автозамын барилгын ажилд эрсдэлээс урьдчилан сэргийлэх сэдэвт сургалтыг Монголын авто замчдын холбоотой хамтран зохион байгууллаа. Энэхүү сургалтад 60 гаруй ААН, байгууллагын удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, инженер, техникийн ажилтнууд хамрагдсан байна.

Авто замын салбарт 2018 онд улсын төсөв, гадаадын зээл тусламж, хөнгөлөлттэй зээл, орон нутгийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 1420.1 км хатуу хучилттай авто зам барьжээ. Мөн 15 гүүрийн барилга, их засварын ажил, хоёр нүхэн гарцын барилгын ажлыг хийж, улсын чанартай 12.967 км авто замын засвар арчлалтын ажил зэрэг төслийг хэрэгжүүлсэн байна.

Түүнчлэн мэргэжлийн хяналтын байгууллагын авто замын ажилд хийсэн хяналт шалгалтаар давхардсан тоогоор нийт 1662 зөрчил илрүүлэн 80 орчим хувийг нь газар дээр нь арилгуулжээ.

Сонирхуулбал, Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг Хятадын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа ба 11 сард ашиглалтад орох юм.