УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар Үндсэн хууль зөрчсөн М.Энхболдыг огцортол чуулганы хуралдаанд суухгүй гэж мэдэгдээд, УИХ-ын дарга М.Энхболдод өөрт нь огцруулах бичиг өргөн барьсан юм.

Тэдний хэлснээр нийт 40 гаруй гишүүн уг бичигт гарын үсэг зурсан ба 60 тэрбумын хэрэгт холбогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр УИХ-ыг удирдуулахгүй гэсэн юм.

Л.Болд гишүүний хэлснээр "Сая чуулганы танхимд гишүүдийн байхгүй картыг бүрдүүлж байгаад чуулганаа явуулна гэж байна. Энэ бол хууль бус хурал байх болно" гэж мэдэгдсэн юм.

Гэсэн ч М.Энхболд чуулганы ирц 39 байна, чуулганыг эхлүүлье гээд алхаа цохив.

Чуулганаар хэлэлцэх эхний асуудал 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн тухай байсан ч Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга нарын аль нь ч чуулганд орж ирж асуудлыг танилцуулсангүй.  

О.Баасанхүү: Уг нь Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байсан, гэхдээ өөрөө орж ирээгүй учир өөрөө хоригоосоо татгалзаж байна гэж үзье гэлээ.

Ж.Мөнхбат: Ерөнхийлөгчийн хоригийг дэмжье гэж бодож байсан. Засаг ч огцрох ёстой, УИХ ч огцрох ёстой гэлээ.

Д. Хаянхярваа:Уур хүрч байна. Параламентын засаглалаас татгалзаж, Ерөнхийлөгчийн дарангуйлалын засаглал руу явж байна уу гэж харж байна. Одоогийн Засаг унах ёстой. Хэрэг хийсэн этгээдүүдийг барь лдаа. Бүгдийг нь гаргаж ирээд хууль шүүхийн өмнө шүү л дээ.

Ж.Эрдэнэбат: Бид асуудлыг сэтгэлийн хөөрлөөр шийдэж болохгүй. Бид бол төрийн түшээд. Нэгнийгээ хууль бусаар шахаж шаардахыг АН дэмжихгүй. Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлаар АН завсарлага авч байна гэв.