Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ тариаланчдад хоёр төрлийн хүчин чадлын 36 ширхэг үр тариа хураах комбайн хүлээлгэн өглөө. Ингэснээр тариалангийн салбарын комбайны шинэчлэл 80 хувьд хүрч байна.

Уг комбайныг Оросын Внешэкономбанкны гурван сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр авсан ба жилд 23 мянган га талбайн үр тариаг хураах боломжтой болж байна. Мөн үр тариаг хаягдалгүй хураахад зориулсан ба техникийн хангамжийг нэмэгдүүлж, ургац хураалтыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх боломж бүрдэж байгаа юм.

Энэ онд нийт 512.0 мянган га-д тариалалт хийсэн боловч энэ зун хур бороо их байсантай холбоотойгоор Төв, Дархан, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн хойд талын сумдад ургац алдах төлөвтэй байна.

Сануулбал, ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв, Сэлэнгэ аймагт ажилласан бөгөөд тариаланчдын хүсэлтээр улаанбуудайн урамшууллыг тонн тутамд нь 100 мянган төгрөгөөр тооцож олгохоор шийдвэрлэжээ.