Өнгөрсөн сарын сүүлээр ихэнх нутгаар хүйтэрч нойтон цас орсны улмаас ургац хураалт хойшлоод байсан юм. Тэгвэл Мягмар гарагийн байдлаар ургац хураалт улсын хэмжээнд 58 хувьтай явагдаж байна.

Одоогоор 213.8 мянган тонн үр тариа, 156.9 мянган тонн төмс, 84.4 мянган тонн хүнсний ногоо хураасан байна. Энэ нь үр тарианы 44.3 хувь, төмсний 95 хувь, хүнсний ногооны 89 хувь, тэжээлийн 39 хувь, тосны ургамлын 21,5 хувийг хурааж аваад байгаа үзүүлэлт юм.

Энэ жил нэг га-гаас 14 центр үр тариа авч байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад зургаа орчим центрээр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Харин Орхон аймаг хамгийн өндөр  буюу нэг га-гаас 23,8 центр үр тариа аваад байгаа юм.

Цаашид цаг агаар тогтуун, дулаахан байх төлөвтэй учир ургац хураалт хэвийн явагдаж байгаа бол малчид, тариаланчдын хадлан тэжээлийн бэлтгэл 73.5 хувьтай байна.

Энэ жил нийт нутгийн 80 хувьд бэлчээрийн гарц сайн байсан учир улсын хэмжээнд 1,2 сая тонн хадлан бэлтгэх зорилт дэвшүүлжээ. Орон нутгаас ирүүлсэн мэдээллээр малчид 941 мянган тонн өвс, 38.9 мянган тонн ногоон тэжээл, 7.2 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 31.4 мянган тонн гар тэжээл, 2.4 мянган тонн дарш, 40 мянган тонн давс, хужир, шүү бэлтгээд байна.