Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношлогоог ЭМ-ийн даатгалын сангаас санхүүжүүлж байгаа ба анх удаа орон даяар зохиож байна. Ингэхдээ 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш гэсэн насны ангиллаар үзлэгт багцлан хамруулах юм.

Бүх насны ангилалд эмчийн ерөнхий үзлэг, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, халдварт бус өвчний бүрдмэл үнэлгээ хийгдэж, үзлэгт суурилан дараагийн шинжилгээнд хамруулах юм.

Харин 18-34 насныхны урьдчилан сэргийлэх багцад Бэлгийн замаар дамжих халдвар, Сүрьеэгийн илрүүлэг үзлэг орох бол 40-өөс дээш насныхныг найман төрлийн хорт хавдрын илрүүлэг, үзлэгт хамруулна

Ингэснээр зонхилон тохиолдох халдварт бус өвчнүүд болон хорт хавдрыг эрт илрүүлэн 2030 гэхэд хорт хавдрын нас баралтыг 35 хувиар бууруулах зорилт тавьсан байна.

Иймд хүн бүр эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай байж үзлэгт хамрагдахыг ЭМЯ-аас уриаллаа.

Сануулбал, манай улсын хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан нь хорт хавдар бөгөөд сүүлийн 10 жилийн дундаж үзүүлэлтээр 3400 гаруй хүн хорт хавдрын улмаас нас баржээ. Хорт хавдраар өвдөж буй хүмүүсийн 90 гаруй хувь нь 45-59 насныхан байна.

Эрэгтэйчүүдэд элэг, ходоод, уушги, улаан хоолой, бүдүүн, шулуун гэдэс, түрүү булчирхайн хорт хавдар, эмэгтэйчүүдэд элэг, умайн хүзүү, ходоод, хөх, улаан хоолойн хорт хавдар зонхилон тохиолддог гэнэ.