Сар шинэ болоход хэдхэн хоног үлдлээ. Энэ гахай жилийн өнгө ямар байна вэ?

Монголчуудын үндэсний хоёр том баярын нэг бол цагаан сар. Сар шинээр Монголчууд бүхий л зүйлийг сайхнаар үдэж, ирэх жилээ ч мөн сайн сайхнаар угтан авдаг ёстой. Энэ жил УРВУУЛАГЧ хэмээх алтан Гахай жил гарч байна. Гахай жил бол бэлгэдэл хийгээд махбодынхоо талаас маш оюунлаг жил.

Гахай гэдэг амьтан тарган цатгалан, чинээлэг байхыг бэлгэддэг. Хоёрдугаарт гахай жилд  төрсөн хүүхдүүд их оюунлаг байдаг. Энэ жилд улс орноо удирдах их оюунлаг хүмүүс төрнө, харин одоо улс орноо удирдаж байгаа хүмүүс ухаалаг, бодлого шийдвэр гаргах ийм л жил гарч байна.

Тэгвэл энэ жил хүүхэд, хөгшид, залуучуудад хэр ээлтэй байна вэ?

Жилийн өнгөнд өвгөд хөгшид, дунд насныхан, хүүхэд гэж гардаг. Энэ нь цаад зурхайн утга агуулгаараа өвгөд гэдэг нь төрийн өндөрлөгүүд, залуучууд гэдэг нь дунд шатны удирдах хүмүүс, нялхас гэдэг нь ард түмнийг хэлж байгаа юм. Энэ жил дээд өндөр албаныхны ажил, бодлого зорилт бүтэмжтэй, дунд шатныханд ч мөн сайн. Харин ард түмэн эрүүл мэнд, ажил хөдөлмөр, улс орны байдал талаасаа аль алинд нь хянуур байвал зохино.

Зурхайн ухаанд шинэ гарч байгаа жилийн зурлагыг үхрээр төлөөлүүлэн шинжиж тодорхойлдог. Энэ жил байгаль цаг уурын хувьд ямар байх төлөвтэй байна?

Зурхайн ухаанд уламжлагдаж ирсэн нэг зүйл бол тухайн жилийн өнгийг шороон үхрийн өнгөөр шинждэг явдал. Энэ жилийн хувьд үхрийн бие ерөнхийдөө хөхөвтөр өнгөтэй байгаа. Ер нь үхрийн бүх эд эрхтэн ямар өнгөөр яаж зурагдсанаар нь шинждэг. Энэ шинжээнээс үзэхэд улирлын адаг руу нилээд хур мөндөртэй гэж харагдсан. Хаврын адаг сардаа нэлээд цастай зун, намрын сүүлчийн сарууддаа нэлээд хур бороотой гэх мэт.

Газар тариалангийн хувьд дундаж, тариа, ногооны ургац арвин байх шинжтэй. Дэлхий дэлгэнэх, ногоо цагаа дэлгэрэх үеэр зарим газраа сайн, зарим газраа дунд, заримаар нь хуурайшилт ихтэй гэх мэт харилцан адилгүй байна. Мөн өвөлжилт ерөнхийдөө гайгүй ч жигд биш байхаар байна. Мөн энэ жил лууны тоо нэлээд их зурагдсан байсан. Энэ нь аянга цахилгаан нэлээд ихтэй гэсэн үг. Ерөнхийдөө энэ жилийн хувьд тарган сайхан жил гарах төлөвтэй байна.

Жил болгонд онцгой анхаарах хүмүүс байдаг. Энэ жил ямар жилтэй хүмүүс онцгой анхаарч засал ном хийлгэх шаардлагатай вэ?

Гахай жилтнүүдийн жил нь орж байгаа. Мөн Гахай жилд их, бага гэсэн харш жилүүд байдаг. Их харш жилд могой, бага харш жилд бар, мич, могой жилтнүүд багтаж байгаа. Эдгээр жилтнүүд тус тусдаа засалтай. Үүнээс гадна мэнгэ голлосон, гүмэгтсэн хүмүүс засал хийлгэх шаардлагатай.

Энэ жил 2019 онд гарсан хүүхэд, 1983, 1947 оны гахай жилтнүүд, 2010, 1974, 1938 оны бар жилтнүүд, 2001, 1965, 1929 оны могой жилтнүүд, 1992, 1956, 1920 оны мич жилтнүүдийн мэнгэ голлосон. Эдгээрээс 1974 оны бар, 1935 оны могой, 1992 оны мич жилтнүүд илүү анхаарч засал номоо хийлгэх хэрэгтэй. Эдгээр хүмүүсийн мэнгэ голлохоос гадна, харш жил нь гарч байна.

Харин гүмэг буюу есөн нүдний засал гэж байна. Энэ нь зурхайн ухаанаар бол хүний насны есийн хэмнэл. Тухайлбал, есөн нас хүрч буй хүүхэд есийн хэмнэл дээр иж байна.1975 оны 45 настай хүн гэхэд таван есийн хэмнэл дээр ирж байх жишээтэй. Энэ хэмнэл дээр ирсэн хүмүүс гүмэгийн засал буюу есөн нүхтэй зоос зүүх юм уу тусгай засал хийлгэдэг. Энэ жил 2011, 1975 оны туулайтай хүмүүс, 1993, 1957 оны тахиа, 2002, 1966 оны морь, 1984, 1948 оны хулгана жилтнүүд гүмэгийн засал хийлгэнэ. Харин гахайтай ивээл жил буюу хонь, туулай жилтнүүдэд сайн. Гэхдээ ивээл жилтний засал хийлгэх хэрэгтэй.

Сар шинээр мөр гаргах ёс байдаг. Хүн бүр заавал мөрөө гаргах ёстой юу?

Мөр гаргах ёс эрт үеэс уламжилж ирсэн. Дээхэн үедээ өрх, гэрийн тэргүүн л гаргадаг байсан бол одоо бүгд гаргадаг болсон. Мөр гаргана гэдэг нь дэлхий нарыг тойроод 365 хоног буюу нэг жил болоход хүний цаг тооны суудал нэг өөр хэмнэл дээр очдог. Энэ хэмнэл найман циклээр өөрчлөгддөг буюу шороо, гал, ус, мод гээд найман өөр махбод дээр ээлжлэн суудаг. Энэ үүднээс л жил бүр өөр өөрөөр мөр гаргадаг учиртай. Уг нь цаад номоороо бол хийморийнхоо зүгт гараад буян хишгийн зүгээс ирдэг.

Энэ нь тухай жилдээ хийморь золбоотой буян хишигтэй байхын бэлгэдэл бөгөөд нэг ёсны суудлын засал. Энд бас нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Тухайн жил, сар, өдрийн нохой ам гэж нэг зүйл бий. Тухайлбал, гахай жил хойд зүгийг эзлэн оршдог. Тухайн жилийн байгаа зүгт нохой ам харсан байдаг. Гэтэл мөр гаргахад хийморийн зүг нь ном ёсоороо хойшоо байлаа гэж бодоход нохой ам таарч байгаа учир тэр зүг рүү мөрөө гаргаж болохгүй.

Харин энэ тохиолдолд эрүүл мэндийнхээ зүг рүү гараад буян хишгийн зүгээсээ ирвэл зохилтой. Мөн сарын нохой амыг тооцох хэрэгтэй. Сарын нохой ам хаврын эхэн сард зүүн тийшээ харсан байдаг. Тэгэхээр хийморийн зүг нь зүүн зүгт байгаа хүмүүс ийшээ мөрөө гаргах ёсгүй. Үүнийг анхаарч, нохойн амыг зөрүүлж мөрөө гаргах хэрэгтэй.

Жил бүр хий махбодид суусан хүмүүс их анхаарч засал ном хийлгэх шаардлагатай байдаг. Энэ талаар тодруулж өгөөч?

Хий буюу хөндий салхин суудалд суусан хүмүүс бусад суудлыг бодвол илүү анхаарах шаардлагатай. Хийн дээр суусан хүмүүс Намсрайн даллага, Алтангэрэлийн даллага зэрэг эдийн даллага авахуулах хэрэгтэй. Мөн энэ суудалд суусан хүмүүс болж өгвөл найр хуримд явахыг цээрлэж, явлаа гэж бодоход архи, дарс уухгүй, согтуу хөлчүү хүнээс хол байх хэрэгтэй. Ер нь хий суудал дээр суусан хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй байдаг.

Танд баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Зураг: Өдрийн Тойм