Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багийн дөрөвдүгээр гудамжинд оршин суудаг айлын зургаан настай хүүхэд өчигдрийн 16:55 цагийн орчим Ховд голд осолдсон мэдээлэл аймгийн ОБГ-т иржээ.

Уг дуудлагын дагуу тус аймгийн ОБГ-ын эрэн хайх, аврах ангийн есөн алба хаагч, нэг автомашинтай осолдсон газарт очиж, 100 метрийн зайд гурван удаагийн шумбалт хийсэн байна.

Мөн орон нутгийн 50 иргэн Ховд голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул өчигдөр эрэн хайх ажиллагааг цагт түр зогсоожээ. Харин өнөөдөр эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн ба одоогоор хүүг олоогүй байна.

Сануулахад, өнгөрсөн онд мөс цөмөрч, өвлийн улиралд усны ослоор 13 хүн амиа алдаж, олон тооны мал усанд живсэн тохиолдол удаа дараа гарсан юм.