Хэлэлцүүлгийг ҮАБЗ-ийн ажлын алба, БОАЖЯ-аас зохиосон ба яам агентлагийн удирдлагууд усны салбарын мэргэжилтнүүд оролцсон юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ зарим салбарт усны үнэ цэнийг ахиулах, төлбөрийг хуулийн дагуу зарцуулах шаардлагатайг онцолж, усны бодлогыг шинээр гаргахгүй бол улс орны хөгжил, амьдралын чанарт эрсдэл авчрахаар нөхцөл бий болсныг дурдлаа.

Тэрээр судлаачид 2021 оноос 20 жил үргэлжлэх хур борооны татралтын мөчлөг эхэлж, үүнд дэлхийн дулаарлын нөлөөлөл ноцтой мэдрэгдэхийг урьдчилан мэдээлж байгаа гэсэн юм. Иймд цэвэр усны нөөц, хамгааллыг сайжруулах, хур тунадасны усыг нөөцөлж, ус дахин ашиглах системийг олон улсад нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатайг хэллээ.

Мөн усны бодлого, засаглалын асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч хэлэлцэх цаг хэдийн болсон гэдгийг Ерөнхийлөгч онцолсон юм.

Түүнчлэн БОАЖЯ-ны сайд усны асуудал хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл танилцууллаа. Тэрээр  усны салбарын хууль эрх зүйн орчин харьцангуй сайн байгаа ч анхаарах олон асуудал бийг дурдсан юм.

Цаашид Усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Усны агентлагийг ирэх онд байгуулах, Усны үндэсний хороог бэхжүүлэх, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогын зарцуулалтыг сайжруулахаар ажиллаж байгаа гэлээ.

Түүнчлэн гадаргын усыг түлхүү хэрэглэх Хөх Морь төслийг хэрэгжүүлэх, Усны хяналт-шинжилгээний сүлжээг орчин үеийн дэвшилтэд сүлжээг ашиглан өргөжүүлэхэд илүүтэй анхааран ажиллаж байгаа гэнэ.

Энэхүү хэлэлцүүлгээс Монгол орны усны асуудал, цаашид авах арга хэмжээний талаарх зөвлөмж гаргаж ҮАБЗ-ийн хуралдаан болон УИХ, Засгийн газарт танилцуулах юм.

Манай улсын  нутаг дэвсгэрийн 90 хувь нь цөлжилтөд өртсөн, дээр нь цэвэр усны хомстолд орох 20 орны тоонд багтаж байгааг албаныхан сануулсаар байгаа юм. Тухайлбал, 2017 оны судалгаагаар манай улсад 760 булаг шанд, 344 гол горхи, 391 нуур тойром ширгэсэн гэх дүгнэлт гарчээ.