БЗД-н 102-р сургуулийн халаалтын зууханд утаа цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулан, туршиж байна. Энэхүү үйл ажиллагаатай БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат тэргүүтэй албаныхан танилцлаа.

Уг төхөөрөмж нь зуухнаас гарч буй нүүрсний утааг тусгай хоолойгоор дамжуулан төхөөрөмжид цэвэршүүлдэг байна. Ингэхдээ утаан дахь тоосонцрыг усаар, хүхрийг соданы уусмалаар саармагжуулж, уур болгож байгаа гэнэ.

Хэрэглэж буй бодисыг автоматаар татдаг бөгөөд уг төхөөрөмжийн дүнд зуухнаас гарч буй нүүрсний утаа 98 хувь цэвэршиж байгаа гэдгийг албаныхан хэлсэн юм. Уг төхөөрөмж цахилгаанаар ажилладаг ба бүх хүчин чадлаараа ажиллахад цагт 7.5 квт цахилгаан зарцуулдаг байна.

Энэхүү төхөөрөмжийг манай улсын нүүрсний шинж чанарт тохируулан Хятадын Demister компани тусгайлан үйлдвэрлэсэн гэнэ.

Сануулбал, БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбатын санаачилсан 54 тэрбум төгрөгөөр 100 мянган айлын янданд индукцийн төхөөрөмж суурилуулах ажил иргэдээс ихээхэн шүүмжлэл хүртсэн юм.

Улмаар УИХ-ын чуулганаар агаарын бохирдлыг бууруулах зардлыг 80 тэрбум төгрөгөөр бууруулж, яндангийн шүүлтүүр ажиллагааг зогсоосон байдаг.