Агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилтын хүрээнд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс Утаагүй вагон төсөл хэрэгжүүлэхээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа.

Уг төсөлд Японы Эм Ай Эс компани хамтран ажиллаж байгаа ба эхний ээлжид зорчигч тээвэрлэх 20 галт тэрэгний янданд Японы Japan Flare төхөөрөмжийг суурилуулах гэнэ. Ингэснээр нэг вагоны хоногт ашиглах нүүрс 40 хувь, угаарын хийн агууламж 8.8, хүхрийн давхар исэл 4.1, агаарт тархах тоосонцор 12 дахин буурах юм байна.

Төхөөрөмж суурилуулахад шаардлагатай 140 сая төгрөгийг НЗДТГ-аас гаргасан бөгөөд уг төхөөрөмж нь зууханд дутуу шатсан угаарын хийг яндангаар гарах явцад өндөр дулааны хүчээр шатааж, түүнд агуулагдаж байгаа нарийн тоосонцрын хэмжээг бууруулдаг гэнэ.

Улаанбаатар төмөр замын зорчигчийн галт тэрэгнүүд галлагааны улиралд 10 мянган тонн түүхий нүүрс хэрэглэж, тэр хэмжээгээр агаар бохирдуулдаг юм. Харин янданд суурилуулж буй уг төхөөрөмж утааг бодитоор бууруулж байгаа нь батлагдсан учир төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

БГД-т үйл ажиллагаа явуулдаг зорчигч тээврийн 282 галт тэргийн галлагааны улмаас тухайн дүүргийн дөрвөн хорооны агаарт их хэмжээний тоос, тоосонцор тархдаг ба энэ нь 3500 орчим айлын яндангаас гарах утаатай тэнцдэг гэнэ.