Шалгалтаар агаарын бохирдлыг бууруулах төсөл, хөтөлбөрүүдэд хяналт тавиагүй, төсөл хэрэгжүүлэгсэд үр дүнгийн тайлан судалгаа хийгээгүй, зарим төслийн санхүүжилтийг олгосон ч огт хэрэгжээгүй, шахмал түлшийн үйлдвэр байгуулсан ч өнөөдрийг хүртэл ажиллаагүй зэрэг 72 зөрчил илэрснийг Үндэсний аудитын газар мэдээллээ.

Найман жилийн хугацаанд нийслэлийн утааг бууруулахад хийсэн ажил, тэдгээрийн мөнгөн зардал салхинд хийссэн гэдгийг уг шалгалт нотолж байна. Үүнтэй холбогдуулан зарим албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлагыг Ерөнхий сайд, Сангийн сайд, Хотын дарга нарт хүргүүлжээ.

Агаарын бохирдлыг бууруулах ажилд хяналт тавих хороо найман жилийн хугацаанд есөн удаа солигдсон нь их хэмжээний мөнгө зарцуулсан төслүүдийг хянах, хариуцлага тооцох боломжгүй болгосон гэдгийг аудит онцоллоо.

Агаарын бохирдлыг бууруулах, үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих үндэсний хороо нь Ерөнхий сайдын дэргэд хоёр удаа, Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэд хоёр удаа, Байгаль орчны сайдын дэргэд хоёр удаа, Нийслэлийн засаг даргын дэргэд гурван удаа байгуулагдсан бөгөөд ингэх тоолонд хорооны бүтэц солигддог байжээ.

Үүнээс үүдэн одоо хэнд, хэрхэн хариуцлага тооцох нь тодорхойгүй болоод зогсохгүй шахмал түлш үйлдвэрлэж, утаагүй зуух тарааж, гэр хорооллын айлуудад гэрийн дулаалга олгосон ч утаа огт буураагүй гэдгийг Аудитын ерөнхий газрын  гүйцэтгэх аудитын газрын захирал Л.Одгэрэл хэлж байгаа юм.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 оны хооронд 164.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Тодруулбал,

  • Улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум төгрөг
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум төгрөг
  • Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум төгрөг
  • Монгол улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Үүнээс гадна 104.7 сая долларын зээл, 48.6 сая долларын буцалтгүй тусламжийг утааны эсрэг зарцуулсан нь өнөөдрийн ханшаар 393 орчим тэрбум төгрөг болж байгаа юм. Тэгэхээр найман жилийн хугацаанд нийт 557 тэрбум төгрөгийг утаа бууруулахад зарцуулсан ч, Улаанбаатарын утаа багасах бус аюулт үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг болчихоод байна.

Эдгээр хөрөнгийн 26 хувийг үртсэн шахмал түлшийн цогцолбор байгуулах, 22 хувийг сайжруулсан зуух үйлдвэрлэх, үнс тээвэрлэх машин худалдан авах, 14 хувийг нам даралтын зууханд шинэчлэл хийх, 10.9 хувийг сайжруулсан түлш болон агуулахын зардалд хуваарилжээ.

Аудитаар илэрсэн зөрчлүүд:  

  • Олон төрлийн сайжруулсан зуухыг үр дүнтэй нийлүүлэх ажлыг хангалттай зохион байгуулаагүй
  • Зуухыг хөнгөлттэй үнээр нийлүүлсэн ч айлууд технологийн дагуу ашиглаагүй
  • Гэрийн дулаалгыг хөнгөлттэй үнээр нийлүүлсэн ч ашиглалтын хугацааг тогтоогоогүй, үр дүн нь тодорхойгүй
  • Цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн ч ердийн зуухны галлагааг багасгаж утааг бууруулахад нөлөөлсөн талаарх судалгаа дүгнэлт байхгүй
  • Машины утааг бууруулах чиглэлээр 9.8 тэрбум төгрөгийг төсөвлөж төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн ч зарим төсөл огт хэрэгжээгүй
  • Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд хичнээн айл орон сууцад орсон нь тодорхойгүй
  • Агаарын бохирдлыг бууруулах талаарх судалгаанд мөнгө зарцуулсан ч үр дүнг хэлэлцэж цаашид хэрхэх талаар дүгнээгүй
  • Агаарын чанарыг зургаан үзүүлэлтээр хэмждэг боловч хүний биед хамгийн их хор учруулдаг үзүүлэлтийг хэмждэггүй
  • Агаарын бохирдлыг хэмждэг техник хэрэгслийн ашиглалтын хугацаа дууссан
  • Аудитаас удаа дараа шалгалт хийж, зөвлөмж шаардлага өгч байсан ч арга хэмжээ аваагүй
  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын үр дүнг нэгтгэн дүгнээгүй,
  • Шахмал түлшний үйлдвэр байгуулсан ч өнөөдрийг хүртэл ажиллаагүй
  • Зарцуулсан хөрөнгийг агаарын чанартай харьцуулсан үнэлгээг хийгээгүйгээс үүдэн агаарын бохирдол буураагүй гэжээ.

Ямартай ч Аудитын газар үе үеийн Засгийн газар утааны эсрэг үр дүнгүй ажилласан гэдгийг дүгнэчихлээ. Тэгэхээр У.Хүрэлсүхийн засаг хэнд, хэрхэн хариуцлага тооцохыг харж байя.