Өглөө, оройн цагт Улаанбаатарын агаарын индекс аюултай байдал хүрч онц байдал зарлахаар болоод байна. Гэтэл утаанаас хамгаалах маск зүүсэн хүн өдрийн од шиг л харагдана. Дийлэнх иргэд “ямар тэмдэглэгээтэй маскыг хаанаас авахаа сайн мэдэхгүй байна” гэх тайлбарыг хэлж байгаа бол зарим нь “утаанаас хамгаалах маск хэтэрхий үнэтэй байна” гэж байгаа юм.

Тэгвэл ямар тэмдэглэгээтэй утааны маск сонгож хэрхэн зүүх ёстой талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн орчны эрүүл мэндийн албаны эрдэм шинжилгээний ажилтан А.Бүүвэйдуламаас тодрууллаа.

Хамгийн гол нь PM2.5 тоосонцрыг шүүдэг 3М, N95, 99  гэх тэмдэглэгээтэй маск зүүх нь Улаанбаатарын нөхцөлд тохиромжтой гэнэ. Ингэхдээ уг маск нүүрний тань хэлбэрт тохирсон, аль нэг хэсгээр завсар гарахгүй байх ёстой.

Ийнхүү агаар зөвхөн шүүлтүүрээр орсноор нарийн ширхэгт тоосонцор биед нэвтрэхээс сэргийлэх боломжтой гэнэ. Гэхдээ та маскаа буруу зүүх эсвэл таарахгүй маск авсан тохиолдолд амьсгал давхцдаг байна.

Үүнээс гадна угааж цэвэрлэж, шүүлтүүрийг солих боломжтой маск илүү хэмнэлттэй гэнэ. Утаанаас хамгаалах маск 1400-89000 төгрөгийн үнэтэйгээр эмийн сан болон хөдөлмөр хамгааллын дэлгүүрүүдээр зарагддаг байна.

Тухайн маскыг хэдий хугацаанд зүүх нь харилцан адилгүй бөгөөд хэрэглэх заавартай сайтар танилцах нь зүйтэй юм.

Харин гэртээ байхдаа цонх, салхивчаа онгойлгохгүй чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж, Hepa эсвэл нүүрсэн шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгч тогтмол хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь агаарын бохирдол, гэрийн тавилга, тоосжилт зэргээс шалтгаалан доторх агаар гаднаас дутахааргүй бохир байдаг гэнэ.

Иймд гэрээс гарах бүртээ маск тогтмол зүүж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ хорт утаанаас хамгаалаарай.