Утааны асуудал сүүлийн 10 гаруй жил нийслэлчүүдийн толгойны өвчин болоод байна. Үе үеийн Засгийн газар утаатай тэмцэнэ, утааг арилгана гэх сүржин амлалт өгдөг ч хэрэгжүүлсэн ажил нь ядмагхан. Үүний уршгаар өнөөдөр нийслэлчүүд дундаас эрүүл уушгитай хүн олоход бэрх гэхэд хилсдэхгүй биз.

Утааны асуудалд төрөөс хэдэн тэрбумаар мөнгө төсөвлөж, зарцуулдаг ч, жил ирэх тусам өтгөрсөөр байгаа утааг иргэд хараад гайхширлаа барж суугаа нь үнэн.

Тэд үнэхээр утаатай тэмцээд байна уу. Утаа нэрийн дор мөнгө угаагаад байна уу?

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 147 тэрбум төгрөгийг утаанд зарцуулсан байна. Гэтэл өнөөдөр бодит үр дүнд хүрээгүй. Энэ мөнгийг зуух яндан, гэрийн дулаалга, утааны сайт, автобусны хосолмол хөдөлгүүр зэргээр салхинд хийсгэсэн гэдгийг иргэд шүүмжилж байгаа юм.

Үүн дээр гадны орны хандив тусламж, зээлээр олгосон мөнгийг үр ашиггүй зарцуулсан гэдгийг өнөөгийн нөхцөл байдал баталж байна. Тухайлбал, Засгийн газар 2010 онд Цэвэр агаарын санг байгуулж 2015 он хүртэл агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд 90 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан ч төд удалгүй Цэвэр агаар санг татан буулгав.

Энэ сангийн тайланд Аудит хийхэд зөвхөн зар сурталчилгаанд л гэхэд хэдэн зуун сая төгрөгийн зардал гаргасан байгаа юм. Тодруулбал, хэвлэл мэдээлэлд 197 сая төгрөг, агаар.мн сайт нээхэд 327 сая төгрөг, сурталчилгааны зориулалтаар 2.4 тэрбум төгрөгийг сайтуудад шилжүүлжээ. Мөн Цэвэр агаар сангийн дотоод зардалд 2011-2015 оны хооронд 932 сая төгрөгийг зарцуулсан гэх баримтууд байна.

Цэвэр агаар сангийн 2013 оны санхүүгийн тайланд 2.3 тэрбум, төсвийн гүйцэтгэлийн тайлан 1.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн гэдгийг аудитын дүгнэлт харуулж байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр сүүлийн долоон жилд нийслэлийн төсөв болон  олон улсын зээл тусламжаас нийт 207 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан гэж УИХ-ын гишүүн М.Оюунчимэг чуулганы хуралдааны үеэр хэлсэн юм.

Энэ их хэмжээний мөнгө утааг арилгах биш, зүгээр л утаа дагаж замхарсан гэхэд болно.

Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд нарын тэргүүлсэн Засгийн газруудын агаарын бохирдлыг бууруулахад хийсэн ажлууд болон өгсөн амлалтуудыг сануулъя.

Сү.Батболдын засгийн үед буюу 2009 онд Мянганы сорилтын сангийн төмөр замын төсөлд зарцуулах тусламжийн хөрөнгийг гэрийн дулаалга, кокжсон түлш зэрэгт зарцуулсан байна.

Ингээд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үед утаагүй зуух гэгч шинэ “брэнд”-ийг дэлгэрүүлж, “Улаанбаатарыг 2015 он гэхэд утаанаас салгана. Хэрэв утаа буурахгүй бол Н.Алтанхуяг гэдэг хүнтэй ярь. Би ч бас нэг юм бариад авах юм бол хийчихдэг хүн шүү” гэж өөрийн биеэр амлалт өгсөн цаг саяхан.

Ч.Сайханбилэг 2014 оны төгсгөлд томилогдож, агаарын бохирдлын эсрэг тэмцэхээ мэдэгдэн, агаарын бохирдлыг бууруулах санд төвлөрөх таван тэрбум төгрөгийг 10 мянган өрхийн шахмал түлш авахад зориулсан. Бас л нэмэр болоогүй. Эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор бас бус ажлууд нь ч зогссон юм.

Харин Ж.Эрдэнэбатын үед зуух яндангаас татгалзаж, цахилгаан халаагуур тавих санал гаргасан ч энэ ажил ам дамжин яригдах төдий байсаар засаглах халаагаа өгсөн.

Энэ онд утааны эсрэг 200 гаруй тэрбум шаардлагатай гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганы үеэр хэлэв. Жил ирэх тусам утаанд зарцуулах мөнгө ч ихэссээр, утаа ч ихэссээр байгаа эмгэнэлт байдлыг хэрхэх вэ? Утаа дагаж улсын мөнгийг замхруулдгаа хэзээ болих вэ?

Утаагаа мартаагүй биз дээ төрийн түшээд ээ!

#МасктайМонголчууд