Бид тоймлоё, Та унш

2019.03.28 Пүрэв                            1°C   2,631.28  Эд эдлэл, идээ ундаа олдоно

Чухлыг тоймлоё


“Нүд халтирмаар” бичлэгийг гишүүдэд үзүүллээ

С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргээр ял авсан Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн талаарх 20 минутын бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүллээ. Ялтнуудыг 2 жилийн хугацаанд эрүүдэн шүүсэн гэх бичлэгийн 6 өдрийнхийг түүвэрлэн үзүүлсэн байна.

Гишүүд юу гэв?

“Үнэхээр аймшигтай, Даралт өндөртэй хүнд үзүүлмээргүй юм байна, Үгээр хэлэхийн аргагүй аймшигтай, Хүмүүнлэг ардчилсан нийгэмд ийм явдал байж болохгүй, Арай ч үгүй байх гэмээр сэтгэл шимширч, нүд халтирмаар бичлэг байна” гэсэн юм. Гишүүдэд үзүүлсэн 20 минутын бичлэгийг танаж зөөлөн хэсгийг нь иргэдэд үзүүлнэ гэж ЗГ мэдэгдсэн ч хэзээ гэдэг нь тодорхойгүй байна.

Бичлэгийн дараа чухал хуулийг батлав

АТГ, Прокурор, Шүүхийн удирдлагуудыг Төрийн 3 өндөрлөг буюу ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу өөрчлөх хуулийн төслийг бүхэлд нь баталлаа. С.Зориг агсны хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг үзүүлэхээс өмнө гишүүд уг хуулийг “Хууль шүүхийн байгууллагын хараат бус байдлыг хөндсөн алдаатай хууль” гэж нэлээдгүй шүүмжилж байсан ч бичлэг үзсэний дараа байдал өөрөөр эргэж шууд эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Ямартай ч гэмгүй хүмүүст хилс хэрэг оноож, эрүүдэн шүүсэн гэх асуудлаар хууль, шүүхийнхнийг намнах ажиллагаа эхэллээ.


Давс бол цагаан хор

Насанд хүрсэн хүний хоногт авах давсны норм 5 гр байдаг ч Монголчуудынх 11 гр байна. Иймд ЭМЯ-аас давсны хэрэглээг бууруулж, хоолны орцоос хасахыг уриаллаа. Харин оронд нь цагаан гаа, гоньд, ногоон сонгино зэргийг хэрэглэж, цайгаа мөн давсгүй уух нь зөв гэнэ. Давс их хэрэглэснээр даралт ихсэх, харвах, зүрх, бөөр өвчлөх, ходоодны хавдар, яс сийрэгжилт зэрэг үүсэх эрсдэлтэй юм.


Солонгосын иргэнийг хар тамхины хэргээр баривчиллаа

Манай улсад амьдарч байсан Солонгосын иргэн мансууруулах ургамал их хэмжээгээр гэртээ хадгалж байсныг илрүүллээ. Одоогоор хэдий хэмжээний мансууруулах ургамлыг ямар зорилгоор хадгалж байсан нь тодорхойгүй байна. Энэ мэтчилэн гадны иргэд хар тамхины хэрэгт ихээр холбогдож байгаа юм. Тухайлбал, 1 сард Нигерийн иргэн ₮300 саяын хар тамхийг шуудангаар илгээмжээр оруулж иржээ. Он гарсаар хар тамхитай холбоотой 54 хэрэг бүртгэгдсэн ба эзэн холбогдогчдын 80% нь 18-35 насныхан байна.


Ирантай холбоотой байгууллагуудад Америк хориг тавилаа

Ираны армид олон тэрбум $-ын хөрөнгө оруулсан Иран, Турк, Арабын нэгдсэн Эмиратын 25 иргэн, банк санхүүгийн байгууллагад Америк хориг тавилаа. Ингэснээр тэд Америктай бизнес хийх боломжгүй боллоо. Тэд ОУ-ын зах зээлээс олсон ашгаасаа цэргүүдийн цалин хөлс, техник хэрэгсэл зэргийг санхүүжүүлдэг байжээ. Трамп 2018 онд Ираны цөмийн зэвсгийн эсрэг гэрээнээс гарч тус улсад эдийн засгийн хориг тавьсан юм.


Ухаалаг утас байнга оролддог хүүхдийн яс хэврэгшдэг

Хүний яс 70, 80 насанд хэврэгшдэг ч байнга ухаалаг утас оролддог хүүхдийнх 40, 50 настайд нь хэврэгшиж эхэлдэг гэдгийг Их Британий эмч анхаарууллаа. Хүүхдийн яс 15 хүртэл насанд нь ургадаг ба идэвхтэй хөдөлгөөний дүнд зөв бэхэждэг гэнэ. Харин олон цагаар хөдөлгөөнгүй суух нь араг ясанд сөргөөр нөлөөлдөг байна. Иймээс хүүхэд өдөрт 1 цаг гүйх, үсрэх, авирах зэрэг яс, булчингийн хөгжилд тустай хөдөлгөөн хийх хэрэгтэй гэнэ.

Таны сонорт


 Хятад, Монголын хилийн боомтууд 4/5-нд амарна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр