Улсын хэмжээнд уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй 1751 ААН байгаагаас 908 нь үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд шалгалтад 281 аж ахуйн нэгжийг хамруулсан байна. Үүнээс 29 ААН-ийн үйл ажиллагааг зогсоож, 79 ААН-д шаардлага хүргүүлж, нийт 224 сая төгрөгийн торгууль тавьжээ.

Шалгалтаар ААН-ийн дийлэнх нь бичиг баримтын зөрчилтэй байснаас гадна байгаль орчны менежментийн тайлан гаргаагүй, аудит хийлгээгүй, химийн хорт, аюултай бодисыг ялгаж ангилаагүй, кадастрын зураг байгуулж газрын гэрээ байгуулаагүй, уурхайн зураг төслийг алдаатай боловсруулсан зэрэг зөрчил илэрчээ.

Мөн усны гэрээ хийлгүйгээр ус ашиглах, ТЭЗҮ-гийн аюулгүйн ажиллагааг баримтлаагүй, нөхөн сэргээлт хийгээгүй, хийсэн нь шаардлага хангахгүй байжээ. Тухайлбал, улсын 8900 гаруй гаруй газарт техникийн, 10 мянга гаруй га газарт биологийн нөхөн сэргээлт хийсэн ч энэ нь хангалтгүй байгаа гэнэ.

Үүнээс гадна албаныхны зүгээс Ил уурхайн аюулгүй ажиллагааны журам хоцрогдсон тул  уг журмыг нэн яаралтай батлах, улсын байцаагчдын хариуцлагыг өндөржүүлэх, бичиг баримт бүрдүүлэх тал дээр төрийн хүнд суртлыг арилгах шаардлагатай гэдгийг хэллээ.

Түүнчлэн осол гарсан Эко-Алтан Заамар компаний талаар мэдээлэл өгсөн бөгөөд уг компаний үйл ажиллагааг зогсоосон хэвээр байгаа гэнэ. Тус компаний зүгээс амиа алдсан дөрвөн иргэний ар гэрт 50 сая төгрөг буюу нийт 200 сая төгрөг олгосон байна.

Зураг: Өдрийн Тойм