Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас эхний долоон сарын мэдээллийг танилцууллаа.

Уул уурхай, олборлох салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 72.1 хувийг эзэлж байна. Тухайлбал, тус салбарын олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 6.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 23.9 хувиар өсчээ.

Үүнд, нүүрс олборлолт  753.8 тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 334.5 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин гадаад худалдааны нийт барааны эргэлт 7.382.3 сая долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 26 хувиар өсчээ.

Жишээлбэл, эхний долоон сарын байдлаар экспортод 4.116.7 сая долларын бараа, түүхий эд гаргаснаас боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр, цайрын баяжмалыг 100 хувь, зэсийн баяжмалын, чулуун нүүрсний 98-99 хувь, жоншны 50 гаруй хувийг Хятадад, 46 хувийг Орост, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 100% Их Британид тус тус экспортолсон байна.

Манай улс дэлхийн 60 оронд бараа экспортолдог ч Хятад, Орос, Их Британид гэсэн гурван улс нийт экспортын  97.3 хувийг эзэлдэг юм. Үүнээс хамгийн их буюу 90 гаруй хувийг урд хөрш эзэлж байна.

Харин импортолсон бараа бүтээгдэхүүн  3.265.7 сая доллар хүрсэн ба машин механик тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, сэлбэг 20.9 хувь, эрдэс бүтээгдэхүүн 22.4 хувь, үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 82.7 хувь зэргийг эзэлж байна.

Үүнээс үзэхэд уул уурхайн салбарын экспорт, импортоос давамгайлж, зөрүү 851.0 сая доллараар эерэг гарсан байна.