Зөвлөгөөнийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлсэн бөгөөд тэрээр уул уурхайн салбарт инноваци нэвтрүүлэх цаг нь болсон гэлээ.

Мөн хөгжлийг дөрвөн жилээр бус 20-25 жилээр төлөвлөх, эдийн засгаа олон тулгууртай болгох, дундаж давхаргаа 70-аас дээш хувьд хүргэхийн тулд бүгд хамтран ажиллах ёстойг сануулсан байна.

Үүнээс гадна цаашид Норвегийн Тэтгэврийн сантай адил баялгийн санг байгуулж, уул уурхайн салбараас олсон орлогоос иргэдэд хуваарилдаг сайн туршлагыг нэвтрүүлэх гэнэ. Тус санг улс төрөөс ангид байлгаснаар стратегийн ач холбогдолтой ордуудын үр өгөөжийг иргэд хүртэх боломжтой байна.  

Энэ удаагийн зөвлөгөөнөөр шатдаг хий, моторын түлш, био түлш, утаагүй түлш зэрэг нүүрсээс эцсийн бүтээгдэгдэхүүн гаргах болон эко, ногоон технологи нэвтрүүлэх, уурхайн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах зэрэг сэдвүүдийг хэлэлцэж байгаа юм.

Түүнчлэн Гашуунсухайтын төмөр зам, авто зам, баяжуулах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станц зэргийн бүтээн байгуулалтын ажлын талаар санал бодлоо хуваалцана.