Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор томоохон худалдааны төвүүдийг зорих иргэдийн тоо ихсэж нийслэлийн хэмжээнд авто зам ачаалал нэмэгдээд байна. 

Түүнчлэн өнөөдөр Халх голын байлдааны түүхэн ойн хүрээнд зохиогдож буй Оросын Агаарын цэргийн нисэх хүчний үзүүлбэр, бэсрэг наадам Хүй долоон худагт болж байгаатай холбоотойгоор замын ачаалал нэмэгдсэн тул нийт иргэд, жолооч нарыг уулын зам болон Их тойрууг сонгож хөдөлгөөнд оролцохыг ТЦА-аас зөвлөлөө.

Нийслэлд жирийн үед 400 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог бол энэ үеэр уг тоо 500-600 мянга болж нэмэгддэг юм. Одоогийн байдлаар дараах замуудад ачаалал нэмэгдэж, түгжрэл үүсээд байна.

  • Энхтайваны өргөн чөлөө зүүнээс баруун чиглэх хөдөлгөөн, 
  • Нарны зам зүүнээс баруун чиглэх хөдөлгөөн, 
  • Нарны гүүр урд болон хойш чиглэх хөдөлгөөн, 
  • Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүр урдаас хойш чиглэх хөдөлгөөн, 
  • Б.Доржийн гудамжнаас зүүн тийш чиглэх Их тойруугийн замд түгжрэл үүсээд байна. 

Сануулахад, хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор үүсэж буй түгжрэлийг сааруулах үүднээс амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор нь явуулж байгаа юм.