Чех улсын тусламжтайгаар өвлийн спортын ордон байгуулахаар боллоо. Манай улсад спортын томоохон цогцолбор байгаа ч өвлийн спортоор хичээллэх боломжтой газар байхгүй юм.

Тиймээс өнгөрсөн онд Боловсролын яамнаас өвлийн ордон байгуулах саналыг Чех улсад тавьсан байна. Тухайн үед Чех уг асуудлыг судалж үзээд хариу өгнө гэжээ.

Тэгвэл Чехээс манай улсад суугаа элчин сайдын орлогч Олдржих Заяычек өвлийн ордон барих асуудал нааштай шийдэгдэхээр болсон гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн тал өвлийн ордон барих ТЭЗҮ-г хийж, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэхээр болжээ.

Өвлийн ордон баригдсанаар цана, тэшүүр зэрэг өвлийн спортоор хичээллэдэг баг тамирчид бэлтгэл сургуулилтаа базаах газартай болж байгаа юм.

Энэхүү ордонг барих саналыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан гаргасан ба ТЭЗҮ хийгдээгүй байгаа учир хэзээ баригдаж эхлэх зэрэг нь тодорхойгүй байна.

Сонирхуулахад, Буянт Ухаа спорт ордон нь Монголд байгаа хамгийн том битүү дээвэртэй ордон бөгөөд 2010 оны 12 сарын хоёронд ашиглалтад орсон юм. Тус ордонг Хятадын засгийн газрын 134 сая юаниар бүтээн байгуулсан ба 5045 хүний суудалтай.