16:15-Шинэчилсэн:  Увс аймгийн Улаангом суманд тарваган тахлын сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэний дагуу ЗӨСҮТ-ээс өдрийн 13:15 цагт лабораторийн шинжилгээ авахад шинжилгээгээр онош үгүйсгэгдлээ.

Өнгөрсөн долоон хоногт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын гэр бүлийн хоёр иргэн тарваган тахлын улмаас нас барсан тохиолдол илэрсэн юм.

Тэгвэл өчигдөр Увс аймгийн Улаангом суманд Тарваган тахлын дахин нэг сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Үүний дагуу аймгийн онцгой комисс хуралдаж, үйл ажиллагааны чиглэлийг гаргаж, хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна.

Иймд өнөөдрөөс эхлэн Улаангомын сургууль, цэцэрлэг хүнсний барааны зах хөл хорио тогтоож ажиллахгүй болохыг мэдэгджээ. Мөн тарваган тахлын Нэгдүгээр хавьтлуудыг илрүүлэх тархвар зүйн судалгааг албаныхан эхлүүлсэн бөгөөд одоогоор нэгдүгээр хавьтлын 16 хүн байгааг илрүүлжээ.

Дээрх сэжигтэй тохиолдол илэрсэн хүмүүсийг Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт өвчтөнийг тусгаарлаж, эмчилгээг эхлүүлсэн байна. Түүнчлэн Увс аймгийн Түргэн сумын Рашаант багт хамтарсан мэргэжлийн баг голомтын судалгаа хийж, хариу арга хэмжээг зохион байгуулахаар онцгой комиссын томилгоот бүрэлдэхүүн өчигдөр орой тус аймаг руу хөдөлсөн байна.