Уралдаанд өвөлжилтийн бэлтгэл хангаж,  байгалийн хадлан, гар тэжээл бэлтгэх аймаг, сум, баг, малчдын бүлэг, хоршоод хамрагдана.

Ингэхдээ өвөлжиж, хаваржих малыг хонин толгойд шилжүүлж, нэг толгой малд 10-аас доошгүй бүдүүн тэжээл буюу байгалийн хадлан, сүрэл, хүчит тэжээл зэргийг бэлтгэн өвөлжөө, хаваржаандаа байршуулсан байна. Үүний дараа бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ хэмжээг Багийн засаг даргад хүргүүлнэ.

Ингээд шат шатны даргаар дамжсаны дараа хамгийн их өвс, тэжээл бэлтгэсэн малчдын бүлэг, хоршоо, баг, сумын тодорхойлолтыг дараах мэдээллийн хамт ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ирүүлнэ. Үүнд:

  • Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдсан байдал
  • Өвс, тэжээлийн агуулах, саравчны засвар, ариутгал халдваргүйжүүлэлт
  • Отор, нүүдлийн зохион байгуулалт,
  • Шинээр отрын бүс нутаг байгуулсан хэмжээ, ашиглалт, хамгаалалтын байдал
  • Нийт малынхаа хэдэн хувь буюу хэдэн толгой эр, сувай, зааз малаа эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулахаар төлөвлөсөн, гэрээ байгуулсан, хэрэгжүүлсэн байдал
  • Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн бусад шинэлэг ажлуудыг бүрэн багтаасан байна.

Уралдааны болзлыг биелүүлж, өвөлжилтийн бэлтгэлээ хамгийн сайн хангасан аймагт 15 сая төгрөг, сумд10 сая төгрөг, багт таван сая төгрөг, малчдын бүлэг, хоршоо, фермерийг гурван сая төгрөгөөр шагнах юм.

Сонирхуулахад, гантай аймгийн өвөлжилтийн бэлтгэлийг долдугаар сараас эхлүүлэн, Засгийн газрын нөөц хөрөнгөөс 900 сая төгрөгийг гаргаж аймгуудад хуваарилсан юм.