Хичээлийн шинэ жил хаяанд ирж, хэн хүнгүй л бэлтгэлээ хийж байна. Тун удахгүй нийслэлд хөл хөдөлгөөн ихсэж, шинэ дүрэмт хувцас өмссөн жаалууд гүйлдэх болно. Гэвч хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролын гадна үлдэн, энгийн хүүхдүүдтэй хамт сурах хүслээ өвөртлөн гэртээ үлдэж байна. 

Боловсролын яамны сайд Ё.Баатарбилэгийн тушаалаар Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах журмыг баталсан ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд журмын хэрэгжилтэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тиймээс тэгш хамруулан суралцуулах асуудлаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөөх Гэгээлэн төвийн гүйцэтгэх захирал Ц.Уянгатай ярилцлаа. 

Та хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг, өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж хүн. Тэгвэл таныхаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурах эрхээ эдэлж чадаж байна уу? 

30, 40 хувьтай л байна. Бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ аль болох энгийн сургуульд сургах эрмэлзлэлтэй байдаг. Гэвч хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг Ерөнхий боловсролын сургуульд авахаас татгалзах тохиолдлууд байна. Уг нь манай улсын хууль журам муу биш боловч гаргасан хууль, журамдаа хяналт тавихгүй байна. Хяналт тавьдаг байсан бол ЕБС-ийн удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг авахаас татгалзвал яам, дарга нар хариуцлага тооцох ёстой.

Манай охины хувьд хавсарсан, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй. Чингэлтэй дүүргийн 72-р сургуульд тавдугаар анги хүртлээ суралцсан боловч дунд ангийн хичээлийг гүйцэхгүй гэх шалтгаанаар сургууль нь тусгай сургуульд сургахыг зөвлөсөн. Дунд ангид орохоор болоод сургалтын менежертэй уулзахад “Танай хүүхэд тусгай сургуульд явсан нь дээр. Учир нь манай сургуульд хүүхэдтэй чинь ажиллах багш байхгүй. Тэгээд зургадугаар ангид 17 хичээл орно. Гэтэл танай хүүхэд 17 хичээлийг гүйцэхгүй” гэх хариултыг өгсөн. Уг нь гаргасан хууль журам нь хэрэгждэг байсан бол миний охин өөрт тохирсон ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөнийхөө дагуу энгийн хүүхдүүдтэй хамт сурч, сургуулиуд туслах багштай болчихсон байх байлаа. Яг үнэндээ хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хаягдаж байна.

Охин тань энгийн хүүхдүүдтэй хамт суралцахад ямар нэгэн хүндрэл гарч байсан уу? 

Мэдээж хүндрэл байлгүй л яахав. Гэхдээ би хичээлд нь байнга хамт суудаг байсан болохоор хүүхдүүдэд охиныхоо талаар тайлбарлаж өгдөг байсан. Тайлбарлаад хэлэхээр хүүхдүүд аягүй сайн ойлгодог. Охин маань өвдөөд хичээлдээ очиж чадахгүй удахаар ангийнхан нь эргэж ирнэ. Биеийг нь асууна. Ингэхээр манай охин баярлаад сүйд болдог байсан. Үүнийгээ дагаад сэтгэл санаа нь хүртэл сайхан болдог юм. Манай охин 2006 онд төрсөн, хавсарсан хүнд хэлбэрийн бэрхшээлтэй. Ер нь томчууд бид нар хүүхдийнхээ юу чаддаг вэ гэдгийг мэдэхгүйгээр “Энэ чадахгүй” гэсэн хандлагаар ханддаг юм байна лээ. Манай хүүхдийн багш хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж үзээгүй байсан ч их мундаг байсан. Охин маань зурж, бичих, будахад нь би гарыг нь барьж туслах үүрэг гүйцэтгэдэг байлаа. Ингээд хийсэн зүйлээ дуусгаад багшдаа үзүүлэхээр багш магтахаар охин маань маш их урам ордог байсан.

Энэ хугацаанд хүүхдэдээ ямар ахиц гарч байгааг би өрөө ч анзаараагүй. Нэг өдөр санаандгүй “Цай хоолных нь аягыг харуулаад аль нь цэнхэр, аль ягаан бэ” гэж асуусан. Гэтэл манай охин яг өнгийг нь олж заахаар нь гайхаад “Хүүе манай хүүхэд өнгө мэддэг юм байх даа” гэж бодсон. Ингээд өнгөнүүд асуухад ерөнхий тод өнгөнүүдийг мэдэж байсан. Манай охин сургуульд орохоосоо өмнө тэргэнцэр дээрээ удаан суудаггүй байсан бол 3, 4 цагийн хичээлд зүгээр суудаг болсон. Анх охин маань өөрийгөө ойлгуулж бусадтай харьцахад хүндрэлтэй байсан бол энгийн хүүхдүүдтэй хамт сурснаар нүүрний хувирал, гараа өргөх зэргээр бусдад өөрийгөө ойлгуулдаг болоод байна. 

Сургуулийнх нь зүгээс дунд ангийн хичээлийг гүйцэхгүй гэх шалтгаанаар тусгай сургуульд сургахыг зөвлөсөн гэлээ. Танай охин одоо тусгай сургуульд сурч байгаа юу? 

Сургуульд явахгүй бүтэн жил гэртээ өнжиж байна. Миний хувьд хүүхдээ тусгай сургуульд явуулахыг хүсэхгүй байна. Яагаад гэвэл миний охин энгийн хүүхдүүдтэй таван жил сурчихсан, заавал мундаг уншдаг бичдэг болохгүй байсан ч хамаагүй энгийн сургуульд явуулмаар байгаагаа илэрхийлсэн. Мэдээж миний охин 17 хичээлийг яагаад ч гүйцэхгүй. Тиймээс охинд минь тохирсон хөтөлбөрийг нь боловсруулж заахыг хүссэн боловч сургууль дээр нь тохирсон хөтөлбөрийг нь боловсруулдаг хүн, туслах багш нь ч алга. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тохирсон хөтөлбөрийг боловсруулж, боловсролд тэгш хамруулна гээд хуульд заачихсан байна.

Сая гурван сайдын тушаалаар тэгш хамруулах журам баталлаа. Гэвч хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд яах ч аргагүй хаягдаж байна. Сургуулиуд “Ярьж чадахгүй бол манайх авахгүй” гэж байна шүү дээ. Тусгай сургуульд байгаа ярьж чадахгүй хүүхдүүд нэг нэгнээсээ юу сурах юм бэ. Тэгээд ч хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд илүү дархлаа муутай, өвчин ороолт их байдаг. Гэвч харьяа сургуулиуд нь авахгүй тусгай сургууль руу зөөнө гэхээр маш их асуудал болдог. Жишээлэхэд л манай автобус ямар билээ, тэргэнцэртэй хүүхдээ яаж оруулах уу гээд асуудал их. Тиймээс хүнд хэлбэрийн хүүхдүүдээ харьяа сургуульд нь хамруулах зайлшгүй шаардлагатай байна. 

Хэдийгээр хууль журамд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд тэгш оролцуулна гэж заасан байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аль болох тусгаарлах нийгмийн хандлага байсаар байна. Энэ тал дээр таны бодол? 

Хэрэв хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тусгаарлаад л байвал улам л өөрийгөө авч явах чадваргүй болно. Зарим хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг харахад нэрээ ч бичиж чаддаггүй. Үүнээсээ болж хэн нэгнээс байнгын хараат болж байна. Гэтэл тэр хүнд өөрийнх нь хийж чадах зүйл байж л байгаа. Тиймээс эхлээд багш нарыгаа сайн бэлдэх шаардлагатай. Мөн бусдыг гаднаас нь харж дүгнэх, хэт их өрөвдөх хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Хэт их өрөвдөх нь хүнийг бэлэн сэтгэлгээтэй буруу хүн болгох аюултай. Зарим багш нар “Эвий хөгжлийн бэрхшээлтэй юм чинь, чирч яваад л төгсгөчихье” гэдэг. Гэтэл өрөвдөж байгаа сэтгэл нь тухайн хүнийг ямар ч чадамжгүй болгох эрсдэлтэй. Манай төвд Ерөнхий боловсролын сургуульд явдаг хэд хэдэн хүүхэд байна. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд дунд сургуульд орж чадахгүй байгаа юм. 

Тэгвэл таныхаар хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг Ерөнхий боловсролын сургуульд хамруулахын тулд яах ёстой вэ?

Сургуулиудад туслах багш хэрэгтэй. Туслах багштай болчихвол бид нар хүүхдээ хаа байсан хол тусгай сургууль руу зөөхийн оронд ойрхон Ерөнхий боловсролын сургуульдаа сургачихна. Ингэхээр цаг хугацаа, эдийн засагт ч хэмнэлттэй. Уг нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тийм олон биш шүү дээ. Сургуулиуд ачааллаа даахгүй байх хэмжээний хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байхгүй. Миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг Ерөнхий боловсролын сургуульд сургах хүсэлтэй байдаг. Харин сургуулийнхаа хажуугаар хөгжлийн төвийн дугуйланд явах нь зүгээр санагддаг. Яг үнэндээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чөлөөт цагаа өнгөрүүлэх ч газар алга. Хичээлээ тараад гэртээ очоод ухаалаг утас эсвэл телевиз үзэж байна. Үүний оронд нэг нэгэнтэйгээ уулзаж, сургалтад хамрагдсан нь илүү хэрэгтэй. Нэг хүүхэд нь зураг зурж, төгөлдөр хуур тоглож сурахаар “Энэ чадаж байгаа юм чинь би бас оролдоод үзье” гээд хичээж эхэлдэг.  

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тусгай сургууль, хөгжлийн төв, энгийн сургуульд сурч боловсрол эзэмшиж байна. Гэвч боловсролд хамрагдаж чадахгүй гэртээ байгаа хүүхдүүд байгаа биз дээ? 

Байгаа шүү дээ. Ямар ч боловсролд хамрагдаагүй 20 гарсан хүмүүс ч байна. Боловсролын системд маш том дутагдал байна. Жишээ нь эрүүл мэндийн шалтгаанаар сургуульд оролгүйгээр 10 нас хүрсэн хүүхдийг нэгдүгээр ангид авахгүй насан туршийн боловсролын төв рүү явуулдаг. Манай төвд хамрагддаг нэг хүүхэд байна. Тэр хүүхэд зүгээр л зүрхний өвчтэй. Үүнээсээ болоод сургуульд хамрагдах нас нь өнгөрснөөс болж насан туршийн боловсролын төв рүү явуулсан байгаа юм. Хэдийгээр эрүүл мэндийн шалтгаанаар есөн нас хүртлээ эмнэлгээр явсан боловч хуульд зургаан настай хүүхдийг нэгдүгээр ангид авна гээд заачихсан учраас Ерөнхий боловсролын сургуульд аваагүй. Одоо энэ хүүхэд насан туршийн боловсролын төвд хоёр жил явсан хэрнээ уншиж, бичиж чаддаггүй. Энэ хүүхэд зүгээр л зүрхний өвчтэй болохоос бусдаар ямар ч асуудалгүй. Мэдээж ачаалал даах чадвар энгийн хүүхдээс бага хэдий ч онцлогт тохируулан хичээл заагаад уншиж, бичдэг болсон байхад л болоо шүү дээ. 

Саажилттай оюуны бэрхшээлтэй хүүхдүүд гоц авьяастай байх магадлал өндөр гэж ярьдаг. Энэ хэр үнэн бэ? 

Үнэн. Саажилттай, оюуны бэрхшээлтэй хэрнээ бусад хүүхдүүдтэй яг ижилхэн сурах чадвартай хүүхдүүд байна. Манай төвд явдаг энэ жил дөрөвдүгээр ангид орох хүү бий. Энэ хүү аягүй мундаг. Ямар ч зүйлийг нэг уншаад цээжилчихдэг. Энэ мэтчилэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүр өөр өөрийн онцлогтой. Тиймээс багш нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлогийг нь олж харах хэрэгтэй байгаа юм. Үнэндээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллахад багшийн чадвараас илүү сэтгэл чухал байдаг. Бид нар ганцхан жилийн дотор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг мундаг сургаад өг гэж шаардаагүй шүү дээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн амьдралд оролцоход хотын дэд бүтэц маш том асуудал болдог. Жишээ нь тэргэнцэртэй хүний налуу замаас эхлээд стандарт хангахгүй олон асуудал байна. Энэ тал дээр таны бодол? 

Юун стандарт, охиноо аваад явж болж л байвал баярлаад байгаа шүү дээ. /инээв/ Хэтэрхий өгсүүр тэргэнцэртэй хүний замаар би охиноо авч гарч чаддаггүй. Яахав сургууль болгоны гадна тэргэнцэртэй хүний зам байгаа боловч сургууль дотор орохоор хэцүү. Гэхдээ нэг үеэ бодвол харьцангуй дээрдээд байна. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг энгийн сургуульд хамруулах нь ямар давуу талтай вэ? 

Давуу тал маш их. Хамгийн наад зах нь гэртээ ойрхон сургуульд сурна. Хоёрт, бусад хүүхдүүдтэй хамт суралцсанаар энгийн хүүхдээс илүү их зүйлийг сурна. Мөн энгийн хүүхдүүд бэрхшээлтэй хүүхдийг ойлгодог болно. Ингээд багаасаа ойлгоод хамт сурахаар ирээдүйн нийгмийн хандлага өөрчлөгдөнө. Бэрхшээлтэй хүүхдүүд найз нөхөдтэй болоод ирэхээр сэтгэл зүйд асар их эерэг үр дагавар гарна. 

Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. 

Баярлалаа.