Сүүлийн өдрүүдэд долларын ханш эрчимтэй өсөж, төгрөг үнэгүйдэж байгаад эдийн засагчдаас эхлээд улс төрчид Монголбанкыг буруутгаад байна. Он гарсаар төгрөгийн ханш таван хувь суларсан ч, тус банкнаас үүнийг ноцтой савалгаа биш гэж үзэж байгаа юм.

Өнгөрсөн сарын 30-ны байдлаар Монголбанканд 2.8 тэрбум гаруй сая долларын нөөц байгаа нь валютын ханшийг тогтворжуулах хангалттай нөөц гэдгийг албаныхан хэлж буй. Гэвч тус банкнаас мөнгөний бодлогодоо өөрчлөлт оруулж, долларын нөөцөө зах зээлд гаргаж, долларын өсөлтийг хазаарлахгүй байна гэх шүүмжлэлд өртөөд байна.

Энэ талаар Монголбанкнаас тодруулахад, “Валютын ханшид гадаад валютын нөөцөөрөө дамжуулж богино хугацаанд л нөлөөлөх боломжтой. Харин нөөц хэмжээ хязгаартай тул зах зээл рүү тогтмол нийлүүлэх нь дундрах аюултай” гэлээ.

Монголбанкнаас өнгөрсөн зургаадугаар сараас хойш нийт 500 орчим сая долларыг банк хоорондын зах зээлд дуудлагаар гаргасан ба хэрэв валютын ханш богино хугацаанд огцом хэлбэлзвэл оролцоогоо түлхүү нэмэгдүүлдэг гэсэн юм.

Эдийн засгийн байдал, уул уурхайн түүхий эдийн үнийн савлагаанаас үүдэн манай улсад валютын ханш үе үе хэлбэлздэг.  Иймээс ханшийн урт хугацааны шийдэл нь долларын нөөцөө зах зээлд гаргахаас илүүтэй гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын тогтвортой бодлого гэдгийг Монголбанк онцоллоо.

Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, макро үзүүлэлтүүдийг ажиглахад ханш дахин өсөх аюул байхгүй гэж харагдаж байна. Мэдээж эдийн засаг идэвхэжснээр импортыг 38 орчим хувиар нэмэгдүүлсэн ч цаашид ханш өсөхгүй болов уу гэж Монголбанкнаас мэдэгдлээ.