Венесуэлийн харилцааны сайд Жорже Родригез Колумбын хилийн Кукута хотын ядуу хүүхдүүдэд 20 мянга гаруй хайрцаг хүнсний тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Гэвч Венесуэлийн иргэд хоол хүнс, эм тарианы хомсдолд ороод байгаа ба Кукута хотод Венесуэл руу илгээх олон улсын хүмүүнлэгийн тусламж байгаа юм. Хамгийн сүүлд Америк Венесуэлд үзүүлэх ариун цэврийн бүтээгдэхүүн, хүүхдийн амин дэм зэрэг тусламжийн барааг Кукута хот руу илгээсэн юм.

Гэтэл Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро гадны тусламжийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон бөгөөд эдгээр тусламж одоог хүртэл хилээр нэвтрээгүй байна.

Харин өөрийгөө Венесуэлийн ерөнхийлөгчийн орлогчоор зарлаад байгаа сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо олон улсаас тусламж хүсэж байгаа юм. Тэрээр Колумбын хил дээр ирсэн тусламжийн барааг энэ сарын 23-нд Венесуэл руу оруулна гэж мэдэгджээ.

Венесуэлийн дүрвэгчдийн эхний зогсоол нь Кукута хот учир тэндхийн өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдийн ихэнх нь Венесуэлчүүд гэнэ. Тус улсын сөрөг хүчний дэмжигчид болон Америк тэргүүтэй барууны орнууд Мадурог дахин сонгогдсоныг эсэргүүцэн түүнийг огцорч Ерөнхийлөгчийн сонгуулийг дахин хийхийг шаардаж байгаа юм.

Венесуэлийн их сургуулиудын холбооны 2017 онд хийсэн судалгаагаар тус улсын иргэдийн 90 хувь нь ядуу тарчиг нөхцөлд амьдардаг байна. Учир нь Мадурогийн засгийн газар инфляцийн түвшинг барьж чадаагүйгээс болж нэг сая хувь давсан бөгөөд улмаар хүнсний хомсдол үүсжээ. Гэвч өнгөрсөн оны 11 сард НҮБ-аас 9,2 сая долларын хүнс, эм тарианы тусламж авчээ.

Эх сурвалж: CNN