Венесуэлийн үндэсний банк Оросоос 20 тонн алт авчруулсан байж магадгүй гэнэ. Лхагва гарагийн өглөө Венесуэлийн Каракас хотод газардсан Оросын онгоцод 840 сая долларын үнэ бүхий алт ачсан байж магадгүй гэдгийг Венесуэлийн сөрөг хүчний нам мэдэгдлээ.

Тэд энэ тухай твиттер хуудаснаа, “Бид Венесуэлийн банк энэ талаар мэдээлэл өгөхийг шаардаж байна. Уг алт нь банкны ерөнхийлөгч Каликсто Ортегагийн өмч биш. Энэ бол Венесуэлийн ард түмнийх” гэж жиргэжээ.

Кремлиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковийн мэдээлснээр Оросын тал уг асуудлаар огт мэдэхгүй бөгөөд “Венесуэлийн дотоод асуудалд оролцохгүйгээр улс төрийн асуудлаа шийдэхэд нь туслахад бэлэн” гэнэ.  

Оросын Новая газета сонины Даваа гарагт мэдээлснээр Москвагаас Каракасыг чиглэн 400 хүний суудалтай, Боинг 777 онгоц нислэгийн багийн хоёр гишүүнээс өөр зорчигчгүйгээр хөөрсөн байна. 

Гэвч онгоц ямар зорилгоор Венесуэлийг зорьсон нь тодорхойгүй байгаа юм. Учир нь Оросын засгийн газар иргэдээ Венесуэл руу зорчихгүй байхыг анхааруулснаас хойш нислэг үйлдэхээ больжээ. Мөн уг онгоц өмнө нь Москвагаас Каракасыг чиглэнд нисэж байгаагүй гэнэ. 

Венесуэлийн эдийн засгийн сайд Симон Зера Каракасын нисэх буудалд Оросын онгоц огт ирээгүй гэсэн байна. 

Тус улсад ерөнхийлөгч Николас Мадурог дахин сонгогдсоныг эсэргүүцэн олон мянган иргэд жагсаж байгаа бөгөөд тэднийг сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо толгойлж байгаа юм. Харин Гуайдог Америк, Бразил, Канад зэрэг орнууд дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Улмаар Америк Даваа гарагт Венесуэлийн төрийн өмчит газрын тосны компанид хориг тавьсан юм.

Үүнийг Оросын тал эсэргүүцэж Америкийг Венесуэлийн дотоод асуудалд оролцож байна гэж шүүмжилжээ.

Өөрийгөө Венесуэлийн ерөнхийлөгчийн орлогчоор зарлаад буй Гуайдо Мадурогийн 1,3 тэрбум долларыг буцааж өгөхгүй байх хүсэлтийг Английн банканд гаргахаар гарын үсэг цуглуулж байгаа юм.

Эх сурвалж: Global news, Telegraph