Венесуэлийн төрийн өмчийн газрын тосны PDVSA компани Америкийн хоригийг үл тоон энэ сарын 10, 11-нд Куба руу нэг сая баррель газрын тос экспортлосон гэнэ. Гэвч газрын тос зөөвөрлөсөн усан онгоц нь Америкийн хоригт багтаагүй байна. Венесуэл цаашид дахин гурван усан онгоц газрын тос тээвэрлэхэд бэлдэж байгаа ба эдгээр онгоцны нэг нь Америкын хоригт багтсан гэнэ.

Америк өнгөрсөн нэгдүгээр сард PDVSA компанид хориг тавьсан юм. Улмаар энэ сарын дөрвөнд Куба руу газрын тос тээвэрлэдэг Венесуэлийн гурван компаний 34 усан онгоцод мөн хориг тавьжээ.

Гэвч Венесуэлийн гадаад харилцааны яам Куба руу газрын тос нийлүүлэхээ зогсоохгүй гэдгээ энэ долоо хоногт мэдэгдсэн бөгөөд Куба ч үүний хариуд Америкийн хоригийг үл хайхран Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.

Венесуэл олон жил Куба руу газрын тос нийлүүлж байгаа ба Куба Мадурог дэмжсэнийхээ хариуд газрын тос авч байгаа гэж Америкийн тал үзэж байгаа юм.

Венесуэлийн ерөнхийлөгч Мадуро улс орноо эдийн засгийн хямралаас гаргаж чадаагүй ч өнгөрсөн жил дахин сонгогдсон юм. Үүнийг эсэргүүцэн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өнгөрсөн нэгдүгээр сард өөрийгөө ерөнхийлөгчийн орлогчоор зарласан байна.

Улмаар Америк, Канад, Бразил зэрэг 50 гаруй орон Гуайдог дэмжиж ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулахыг шаардаж байгаа юм. Харин Орос, Хятад, Куба зэрэг 10 гаруй орон Мадурог дэмжиж Америкийг Венесуэлийн дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож байна гэжээ.

Эх сурвалж: Reuters,