Венесуэлийн нийслэл Каракас хотын томоохон хэсэг болон 20 гаруй муж Мягмар гарагт эрчим хүчгүй болжээ. Гэсэн ч хэдэн минутын дараа засварын ажил хийгдэж эрчим хүч хэвийн байдалдаа орж эхэлсэн гэнэ.  Энэ удаагийн цахилгааны саатлын шалтгаан нь тодорхойгүй байна.

Тус улсын 80 хувийг эрчим хүчээр хангадаг Гури усан цахилгаан станцад өнгөрсөн сарын долоонд гэмтэл гарч үүнээс хойш гурван удаа эрчим хүчний доголдол үүссэн юм. Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро үүнд Америкийн хакерууд болон сөрөг хүчнийхнийг буруутгасан бөгөөд орон даяар цахилгааны хязгаарлалт тогтоосон байна. Мөн усны хангамж, тээврийн хэрэгсэл, цахилгаан холбоо доголдсон учир ажлын цагийг зургаан цаг болгон богиносгожээ.

Харин сөрөг хүчнийхэн эрчим хүчний доголдлыг хуучирсан техник, технологиос үүссэн гэж үзсэн байна. Улмаар сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо эрчим хүчний асуудлаа шийдэж чадахгүй байгаа засгийн газраа эсэргүүцэн жагсахыг Лхагва гарагт ард иргэддээ уриалсан бөгөөд Мадурог огцрох хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэсэн байна.

Харин Америк тус улсад тавьсан эдийн засгийн хоригоо чангатгаж жагсагчдын эрхийг хамгаалахыг Венесуэлийн армид анхааруулжээ.

Венесуэлийн засгийн газар өнгөрсөн сарын 27-нд Гуайдогийн төрийн алба хаших эрхийг 15 сараар хассан юм.

Эх сурвалж: RT, News24