Венесуэл улсад дахин орон даяар цахилгаан тасарсан ба мэдээллийн сайд Жорже Родригизийн хэлснээр энэ нь электрон соронзонгийн халдлагаас болжээ. 

Каракас хотын ихэнх хэсгээр орон нутгийн цагаар 16:41 цагт цахилгаан тасарсан бөгөөд бусад мужийн иргэд ч тоггүй болсон гэдгээ нийгмийн сүлжээгээр мэдээлсэн байна. Одоогоор 18 орчим муж тоггүй болсон ч зөвхөн Каракас хотод цахилгаан саатсан гэж төрийн өмчийн Корполес цахилгаан станц мэдээлжээ. 

Венесуэлд өнгөрсөн гуравдугаар сард томоохон хэмжээний цахилгааны саатал үүсэж 23 муж тог, цэвэр ус, цахилгаан холбоогүй болсон байна. Энэ нь улс төрийн маргаанаас үүдсэн эдийн засгийн хямралыг улам хүндрүүлсэн юм. 

Тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро уг цахилгааны саатлыг Гури усан цахилгаан станцад үйлдэгдсэн террорист үйл ажиллагаанаас болсон гэж үзжээ. Үүнээс гадна өнгөрсөн дөрөвдүгээр сард Венесуэлийн томоохон хотуудад хэдэн цагийн турш цахилгааны саатал гарсан байна. 

Венесуэлийн алслагдмал хэсгүүдэд цахилгааны саатал их гардаг ба засгийн газар үүнийг санаатай үйл ажиллагаанаас болсон гэж тайлбарладаг. Гэвч мэргэжилтнүүдийн хэлснээр цахилгааны саатлын шалтгаан нь муу хөрөнгө оруулалт, зохион байгуулалт болон авлига гэж үздэг байна. 

Газрын тосоор баялаг Венесуэлд инфляцийн хэт хөөрөгдлөөс болж эдийн засгийн хямрал үүсэж, улмаар хоол хүнс, эм тарианы хомсдол бий болсон ба дөрвөн сая гаруй хүн дүрвэжээ. 

Эх сурвалж: Al jazeera, BBC