Улаан загалмайн нийгэмлэгийн 24 тонн эм, ус цэвэрлэх бодис, хоосон хуванцар сав болон 38 эмнэлэгт өгөх 14 ширхэг цахилгаан үүсгэвэр бүхий хүмүүнлэгийн тусламжийн эхний цуваа Венесуэлийн хилийг давлаа.

Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр Венесуэлийн эрүүл мэндийн систем ихээхэн доголдсоноос болж нярайн эндэгдэл, халдварт өвчин, хүүхдүүдийн хоол тэжээлийн дутагдал зэрэг асуудал өндөр түвшинд хүрсэн байна.

Мөн эм, тариа, тоног төхөөрөмж, цахилгааны хомсдолын улмаас эмнэлгийн үйл ажиллагаанд хүндрэл учраад байгаа юм.

Ерөнхийлөгч Николас Мадуро улсаа хүмүүнлэгийн тусламж авах шаардлагагүй гээд эдийн засгийн хямралдаа Америкийг буруутгасаар ирсэн. Гэвч олон удаагийн цахилгааны саатал, хоол хүнс, цэвэр усны хомсдолоос болж өнгөрсөн долоо хоногт Улаан загалмайн тусламжийг хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрчээ.

Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо энэ оны эхээр Колумбын хилээр олон улсын тусламж оруулах гэж оролдсон ч Мадурогийн засгийн газрын эсэргүүцэлтэй тулгарсан юм.

НҮБ-ын мэдээлснээр 3.7 сая Венесуэлчүүд тураалд орсон бөгөөд тав хүртэлх насны хүүхдүүдийн 22 хувь нь архаг тураалттай гэнэ.

Эх сурвалж: AP, DW