Венесуэлийн инфляцийн түвшин өнгөрсөн сард 2.7 сая хувьд хүрсэн гэдгийг тус улсын Үндэсний ассамблейгаас мэдээллээ. Тус улсын инфляцийн түвшин 2016 онд 254.3 хувь байсан бол 2017 онд нэг сая хувьд хүрч огцом өссөн байна. Энэ нь Венесуэлийн улс төрийн тогтворгүй байдлаас үүдэлтэй юм.

Өнгөрсөн сард Америкийн засгийн газар Венесуэлд эдийн засгийн хориг тавьснаас болж хоол хүнс, эм тарианы хомсдол үүсээд байна. Гэвч Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро Барууны орнуудаас хүмүүнлэгийн тусламж авахаас татгалзаж хилээр тусламжийн бараа оруулахыг хориглосон юм.

Харин сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өчигдөр анхны витамин, амин дэмийн тусламж оруулж ирсэн гэдгээ твиттер хуудсаараа мэдэгдсэн бөгөөд хаанаас, хэрхэн авсан нь тодорхойгүй байна. Мөн тэрээр Бразил, Карибын арал, Колумбын Кукута хоттой залгаа хил дээр тусламж хүлээн авах хүсэлтийг Батлан хамгаалах газарт гаргажээ.

Үүнээс гадна Гуайдогийн талын төлөөлөгчид ирэх Пүрэв гарагт Вашингтон хотноо Америк болон бусад орнуудын төлөөлөгчидтэй уулзаж хоёр тэрбум долларын тусламж авах талаар ярилцах гэнэ. Мөн ОУВС-аас тусламж авахыг хүсч байгаагаа илэрхийлжээ.

Венесуэлийн газрын тосны үнэ 2014 онд огцом буурснаар эдийн засаг нь тогтворгүйжиж татвар, үнийн өсөлтөө хянаж чадахгүйд хүрсэн юм. Үүнээс үүдэн хоол хүнс, эм тариа болон бусад өргөн хэрэглээний барааны хомсдол үүсч улмаар 2.4 сая иргэд нь эх орноосоо дүрвэжээ.

Өнгөрсөн долдугаар сард ОУВС-ын мэдээлснээр Венесуэлийн инфляцийн хэт өсөлт нь 1923 оны үеийн Герман, 2000-аад оны сүүл үеийн Зимбабветэй ижил гэжээ.

Инфляцийн хэт өсөлтөөс үүдэн цаашид олон Венесуэлчууд эх орноосоо дүрвэх бөгөөд оны сүүл гэхэд инфляцийн түвшин таван сая, ирэх онд 10 сая хувьд хүрэх магадлалтай гэж ОУВС үзэж байна.

Венесуэлийн ерөнхийлөгч Мадуро өнгөрсөн жил дахин сонгогдсоныг эсэргүүцэн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө ерөнхийлөгчийн орлогчоор зарласан юм. Улмаар Америк, Канад, Бразил зэрэг орнууд Гуайдог дэмжиж ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулахыг шаардаж байна. Харин Орос, Хятад зэрэг орнууд Мадурог дэмжиж байгаа ба Америкийг Венесуэлийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа гэжээ.

Эх сурвалж: Economic times, NHK, Reuters,