Венесуэлийн дээд шүүгч Майкел Морено сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн халдашгүй байдлыг цуцалж хуулийн хариуцлага хүлээлгэхийг парламентын гишүүдээс хүслээ.

Учир нь Гуайдо засгийн газрын хил нэвтрэх хоригийг зөрчин Латин Америкийн орнуудад айлчилж тусламж хүссэн юм. Мөн Венесуэлийн засгийн газар түүнийг ард иргэдийг жагсаал цуглаан, үймээн самуунд уриалсан, олон улсаас хууль бус хөрөнгө оруулалт авсан хэрэгт буруутгаж байна. Гэвч тэрээр Үндэсний ассамблейн дарга учир халдашгүй байдлынхаа хүрээнд хуулийн хариуцлагаас зайлсхийх боломжтой юм.

Гуайдо ерөнхийлөгч Николас Мадурог 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд хууль бусаар ялалт байгуулсан гэж үзсэн бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард өөрийгөө ерөнхийлөгчийн орлогчоор зарласан байна. Улмаар Гуайдог Америк, Их Британи, Канад зэрэг 50 гаруй орон дэмжсэн бол Мадурог Орос, Хятад зэрэг 10 гаруй орон дэмжихээ илэрхийлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Венесуэлийн засгийн газар Гуайдогийн төрийн албан тушаал хаших эрхийг 15 жилээр хассан юм.

Үүнээс гадна тус улсын төв цахилгааны станцад өнгөрсөн сарын долооноос хойш хоёр удаа саатал гарч нийтийн тээвэр, сургууль цэцэрлэг, үйлчилгээний байгууллагууд хаалгаа бариад байна. Мөн иргэд усны хомсдолд орж утсаар ярих, интернет хэрэглэх боломжгүй болжээ.

Улмаар ерөнхийлөгч Мадуро Ням гарагт нэг сарын хугацаатай цахилгааны хязгаарлалт хийж хэрэглээг тэнцвэржүүлнэ гэдгээ мэдэгджээ. Мөн ажлын цагийг 14:00 цагт дуусгахаар болсон байна. Гэсэн ч уг төлөвлөгөө цахилгааны асуудлыг түргэн хугацаанд шийдэж чадахгүй бөгөөд эрчим хүчний тогтворгүй байдал цаашид ч үргэлжилнэ гэдгийг шинжээчид хэлжээ.

Эх сурвалж: VOX, Al jazeera, CBC