Америкийн сангийн департмент Венесуэлийн төрийн өмчит газрын тосны компани болох PDVSA-д хориг тавилаа. Хоригоос үүдэн PDVSA компани ирэх жилд 11 тэрбум долларын экспортын алдагдал хүлээх юм байна.

Гэхдээ компани Америкт үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байх ба орлогыг хаалттай дансанд хийж хориг цуцлагдсаны дараа буюу сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог ерөнхийлөгчөөр сонгосон үед Венесуэлийн засгийн газарт хүлээлгэн өгөх гэнэ.

Харин PDVSA компаний зүгээс Америкийн засгийн газрын шийдвэрийн эсрэг хуулийн арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ. Венесуэль нь Америкийн газрын тос нийлүүлэгч дөрвөн гол улсын нэг бөгөөд импортын 41 хувийг хангадаг байна.

Венесуэлийн одоогийн ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрсөн тавдугаар сарын сонгуулиар дахин сонгогдсон юм. Гэвч түүнийг олон мянган иргэд эсэргүүцэн жагсаж сөрөг хүчний удирдагч Гуайдо өөрийгөө ерөнхийлөгчийн орлогчоор зарласан юм. Гуайдог Америк, Их Британи, Канад, Аргентин, Бразил зэрэг 20 гаруй орон дэмжиж байгаагаа мэдэгдсэн байна.

Тухайлбал, Английн банк Мадурог огцрох хүртэл Венесуэлийн 1,2 тэрбум долларын үнэ бүхий алтыг буцаан өгөхөөс татгалзсан ба Европын хэд хэдэн орон Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийг энэ долоо хоногт дахин хийхийг шаарджээ.

Эх сурвалж: BBC, RT