Венесуэл улс  эдийн засгийн хямралд гүн автсан энэ үед тус улсын төрийн албан хаагч хээл хахуулийн хэргээр Америкийн шүүхээс ял сонслоо.

Энэ жил 54 настай Алехандро Андраде гэгч эр Венесуэл улсын Эрдэнэсийн сангийн тэргүүн байсан хүн юм. Тэрээр Америкийн Флорида мужид оршин суудаг байна. Тэгвэл Өмнөд Флоридагийн шүүхээс түүнд гадаад валютын ханшийг зохиомлоор барьсныхаа төлөө нэг тэрбум ам.долларыг хээл хахуульд авсан гэж үзэж, энэ долоо хоногт 10 жилийн хорих ял оноолоо.

Венесуэлийн төрөөс төрсөн тэрбумтан хэн бэ?

Тэгвэл нэг тэрбум долларын хахууль авч, Америкт чинээлэг амьдарч байсан энэ хүн Венесуэлийн Ерөнхийлөгч агсан Уго Чавесийн бие хамгаалагч байжээ. Ингээд 2007 оноос 2011 оны нэгдүгээр сар хүртэл тус улсын Эрдэнэсийн сангийн даргаар ажиллажээ. Мөн 2008 онд тус улсын төрийн мэдлийн Эдийн засаг, нийгмийн хөгжлийн банкны тэргүүнээр томилогдож, улмаар улсынхаа санхүүгийн салбарын хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг болсон байна.

Буурай орны төрийн алба хаагч яаж америкийн тэрбумтан болсон бэ?

Венесуэл улс мөнгөний хатуу бодлого баримталж байсан цаг үе. Венесуэл улсын нөөцөд зөвхөн нэн шаардлагатай эм, эмийн бүтээгдэхүүнийг худалдаж авахад зориулсан гадаад валют байсан байна. Алехандро Андраде энэ үед улсынхаа нөөцийг захиран зарцуулах эрхтэй байв. Алехандро энэ эрх мэдлээ урвуулан ашиглаж америк долларыг маш бага ханшаар худалджээ.

Түүнтэй хуйвалдагчид бага үнээр авсан их хэмжээний ам.доллараа зах зээлийн ханшаар худалдаж, дундаас нь их хэмжээний ашиг хүртжээ. Энэ үйлдлийнхээ шагналд Алехандро Андраде Америкийн Флорида мужийн Веллингтон дахь нэг тэрбум америк долларын үнэтэй харшийг авчээ. Мөн хүүгийнхээ мөрөөдлийг биелүүлж уралдааны морьд, Ролекс цаг зэргийг хахуульд авсан байна. Цаашилбал түүний эзэмшилд мөн нисэх онгоц,  уралдааны 17 адуу, тансаг зэрэглэлийн автомашины цуглуулга зэрэг байжээ.

Уншигчиддаа сануулахад Венесуэль улс эдийн засгийн хямралд нэрвэгдсэн учир гурван сая иргэн нь эх орноосоо яваад байна.

Эх сурвалж: bbc.commiamiherald.com