Венесуэлийн нийслэл Каракас хотод үймээн самуун болж жагсагчдыг хуягт машинаар дайрсан байна. Үймээний үеэр 71 иргэн хүнд болон хөнгөн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэний 43 нь резинен бууны суманд, хоёр нь галт зэвсэгт оногджээ.

Тус улсын үндэсний сэргийлэхийн хуягт машин цэргийн баазын гадна цугласан жагсагчдыг дайран өнгөрсөн ба жагсагчид машин руу шатамхай бодис шидэж байгаа нь бичлэгт үлдсэн байна.

Мөн Ла Карлото агаарын баазад сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог дэмжиж буй цэргүүд болон ерөнхийлөгч Николас Мадурогийн засгийн газрын цэргүүдийн хооронд буудалцаан болжээ.

Энэхүү үймээний дараа Мадуро телевизээр мэдэгдэхдээ, “Намайг унагах гэсэн сөрөг хүчний оролдлого бүтэлгүйтлээ. Би хэзээ ч Америкийн түрэмгийлэгчдэд бууж өгөхгүй” гэсэн байна.

Харин Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Кубын засгийн газарт цэргүүдээ Венесуэлээс гаргахгүй бол дээд түвшний хориг тавихаа мэдэгджээ. Харин Кубын тал уг үймээн самуунд оролцоогүй гэжээ. 

Мөн НҮБ-ын зүгээс цэргүүд болон жагсагчдыг тайван замаар хэлэлцээр хийхийг уриалжээ.

Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өчигдөр твиттер хуудсаараа дамжуулан Мадурог унагах кампанит ажлынхаа сүүлчийн шатыг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр болох жагсаалд иргэд, цэргүүдээс дэмжлэг хүссэн байна.

Канадын гадаад хэргийн сайд Чристиа Фрилэнд Венесуэлийн талтай шуурхай видео уулзалт хийж хүчирхийллээ зогсоохыг анхааруулсан юм. Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн мэдээлснээр Мадуро өнөөдөр өглөө Куба руу зугтах гэж байсан ч Оросын ятгалгаар бодлоо өөрчилсөн байна.

Мөн Бразилын батлан хамгаалах яам Венесуэлийн дүрвэгчдэд 57 сая долларын яаралтай тусламж үзүүлэхээр болсон ба Венесуэлийн 25 цэрэг Бразилын элчин сайдын яаманд цагаачлах хүсэлт гаргажээ.

Эх сурвалж: CNN, Global news, AP