Венесуэлийн гадаад хэргийн сайд Жорже Арреза сөрөг хүчний төлөөлөгчидтэй урьдчилсан нөхцөлгүйгээр хэлэлцээрийн ширээнд суухад бэлэн гэдгээ НҮБ-ын индэр дээрээс мэдэгдлээ.

Тэрээр “Бид бүгд Венесуэлчүүд учир ямар нэг урьдчилсан нөхцөл тавих хэрэггүй. Сөрөг хүчнийхэн Америкийн засгийн газрын харъяалалаас гараад бидэнтэй хэлэлцээрийн ширээнд сууж үүсээд буй улс төрийн асуудалд хамтдаа шийдэл хайх хэрэгтэй” гэжээ.

Мөн Венесуэлд нийгмийн ямар нэг хүндрэл үүсээгүй бөгөөд Америкийн хоригоос үүдэн эдийн засаг доройтож байгаа гэсэн байна. Тэрээр НҮБ-аас тусламж авахад бэлэн гэдгээ ч илэрхийллээ.

Венесуэлийн газрын тосны үйлдвэрлэл 2014 оноос хойш буурсан бөгөөд үүнээс үүдэн инфляцийн түвшин нь өдгөө 2.7 сая хувьд хүрээд байна. Мөн өнгөрсөн сараас хэрэгжсэн Америкийн эдийн засгийн хоригоос үүдэн эм тариа, өргөн хэрэглээний барааны хомсдол үүссэн хэдий ч Венесуэлийн засгийн газар гадны орнуудаас тусламж авахгүй гэж мэдэгдсэн юм.

Үүнийг эсэргүүцсэн иргэд өчигдөр гурав дахь удаагаа жагссан бөгөөд хилээр тусламж нэвтрүүлэхийг Засгийн газраасаа шаардсан байна.

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог улс орноо эдийн засгийн хүнд байдлаас гаргаж чадаагүй ч өнгөрсөн жил дахин сонгогдсон юм. Улмаар үүнийг эсэргүүцсэн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өнгөрсөн сарын 23-нд өөрийгөө ерөнхийлөгчийн орлогчоор зарласан байна. Түүнийг Америк, Канад болон Европын орнууд дэмжиж байгаа ба Мадурог огцорч Ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулахыг шаардаж байгаа юм.

Эх сурвалж: Bloombergquint, The National, Xinhua