Америкийн сангийн департамент Венесуэлийн газрын тосны PDVSA компанитай худалдаа хийсэн Оросын Еврофайнанс Моснар банканд хориг тавилаа. Ингэснээр Америкийн иргэд тус банктай харилцах боломжгүй болж байна.

Харин Еврофайнанс банкны зүгээс Америкийн хориг үйл ажиллагаанд нь саад болохгүй гэж мэдэгджээ. Америк өнгөрсөн нэгдүгээр сард Оросын газрын тос боловсруулах Роснефть компанид Венесуэлээс газрын тос авсан гэх үндэслэлээр хориг тавьсан юм.

Еврофайнанс банк нь 2011 онд Орос, Венесуэлийн газрын тос, дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулах зорилготойгоор Венесуэлийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр  байгуулагдсан ба уг сан нь банкны 49 хувийг эзэмшдэг байна. Мөн Оросын Газпром, VTB банкнууд тус бүр 25 хувийг нь эзэмшдэг гэнэ.

Америкийн ерөнхий нарийн бичгийн дарга Майк Помпеогийн мэдэгдсэнээр Орос, Куба улсууд Америкийн хоригийг зөрчин Венесуэлээс газрын тос худалдан авсан ба энэ нь ерөнхийлөгч Николас Мадурод эдийн засгийн дэмжлэг болсон гэнэ.

Помпео мөн Энэтхэгийн гадаад харилцааны нарийн бичгийн дарга Вижэй Гохалетэй уулзаж Венесуэлээс газрын тос авахгүй байхыг хүссэн байна. Мөн Венесуэлийн засгийн газрын гадаад дансыг ил болгохыг олон улсын банкнуудаас хүсжээ.

Энэтхэг нь Америкийн дараа орох Венесуэлийн газрын тосны томоохон худалдан авагч юм. Америк, Колумб, Бразил зэрэг 50 гаруй улс Мадурог огцрохыг шаардаж, Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог дэмжиж байгаа юм.

Харин Мадурог Хятад, Орос, Куба зэрэг 10 гаруй орон дэмжиж байгаа ба Гуайдог Америктай нийлж төрийн эргэлт хийхийг оролдсон гэж үзсэн байна.

Эх сурвалж: ReutersColumbian