Он гарсаар нийт 27 удаагийн усны осол гарч, 30 хүн амь насаа алдсаны дөрөв нь хүүхэд байна. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орсон зэргээс үүдэлтэй байгаа юм.

Иймд болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг есдүгээр сарын 30-хүртэл зохион байгуулах удирдамжийг ОБЕГ-аас гаргалаа. Учир нь ЦУОШГ-аас  ирүүлсэн мэдээгээр 7, 8, 9-р сард түр зуурын усархаг аадар бороо, мөндөр орж, үер, аянга буух төлөвтэй байна. 

Улмаар гол усны түвшин огцом нэмэгдэх, хүчтэй салхи шуурга болох зэрэг цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэх хандлагатай байгааг ОБЕГ-аас анхаарууллаа. 

Тиймээс үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, голомтод үүрэг гүйцэтгэх хүн хүч, техник хэрэгсэл, бэлэн байдлыг хангах, ард иргэдэд сэрэмжлүүлэг, сурталчилгааг шат дараалалтай зохион байгуулах ажлыг эхлүүлсэн байна.