ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй, усархаг бороо орох төлөвтэй байгаа тул болзошгүй үер, усны аюулаас сэрэмжилж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. Иймд үер усны аюулын үед ямар арга хэмжээ авах ёстой талаарх зөвлөгөөг хүргэе. 

Үер усны аюулын үед юу хийх хэрэгтэй вэ?  

  • Гэрийн хаяагаа шуух, бэхэлгээ хийх, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй газар байлгах,
  • Байшингийн дээвэр, ургаа мод зэрэг аль ойрхон өндөрлөг газар гарах,
  • Үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байж ойр байгаа өндөрлөг газарт гарч хүлээх,
  • Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах,
  • Усархаг, үргэлжилсэн хүйтэн бороотой болон аадар, мөндөр орж байхад мал хариулах, эрэлд явах, аян замд гарахыг хойшлуулах,
  • Өрх гэрт гарсан хохирол болон өөрт байгаа мэдээллийг, холбогдох байгууллагад мэдээлэх, бусдад хүргэх,
  • Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байх, загасчлах, мал услах, туухгүй байх нь зүйтэй. 

Үер усны аюулын дараа юу хийх хэрэгтэй вэ? 

  • Өөртөө болон бусдад туслах,
  • Эвдэрч нурсан газраас холдож аюулгүй газар очих,
  • Барилга байгууламжийн гадуур устай байвал дотогш оролгүй хүлээх,
  • Үерийн ус барилгын суурийг гэмтээж, барилга нурах аюултайг анхаарах,
  • Хийн шугам гэмтэж хий алдагдах, цахилгаан дулаан болон цэвэр усны шугам сүлжээ эвдэрсэн байх магадлалтай тул холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд гэртээ эргэж очих,
  • Шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандах,
  • Үерийн усаар халдварт өвчний нян тээгддэг тул цэвэрлэгээ хийх, энэ ажилд эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. 

Энэ зун хур бороо их байсантай холбоотойгоор Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Шишхэд, Хангай нурууны өврийн Шар-Ус, Байдраг, Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-75 см нэмэгдээд байгаа юм. Мөн Бэлтэс, Үүр, Байдраг, Шар-Ус, Хархираа, Түргэн, Хариг, Намир, Ховд, Буянт зэрэг голууд үерийн түвшинг 10-105 см даван үерлэжээ.