ЦУОШГ-аас мэдээлснээр энэ сарын 20, 22-нд зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Мөн хүчтэй салхи шуурга дэгдэх төлөвтэй байгаа тул ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан сэрэмжлүүлэг гаргажээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон усархаг ширүүн борооны улмаас цөөнгүй зам, гүүр эвдрээд байгаа тул аян замд гарахдаа сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг сайтар сахин биелүүлэхийг зөвлөж байна.

Түүнчлэн гол усны түвшин нэмэгдэж, үерийн байдалтай байгаа тул гармаар зорчихгүй, зориулалтын гарцаар зорчих, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулахыг анхаарууллаа.

Үүнээс гадна зуны улиралтай холбоотойгоор гол усны ослын тоо нэмэгддэг тул амралт зугаалгаар явахдаа бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байж, хяналтаа сайжруулах шаардлагатай.

Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоох эрэгт барьж, суурьшихгүй байж, үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлээрэй.

Харин албан байгууллага, үйлчилгээний газрууд тухайн орчныхоо барилга байгууламжийн эргэн тойронд цахилгааны утас ил гарсан эсэхэд хяналт тавих, сэжигтэй, аюултай тохиолдол мэдэгдвэл мэргэжилтнүүдэд яаралтай хандахыг зөвлөж байна.

Усархаг аадар борооны улмаас Төв аймгийн Лүн сум, Мандалговь чиглэлийн замын байгууламж эвдрээд байгаа юм. Зам засварын ажил хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа ч Лүнгийн замыг засварлахад 14-20 хоног шаардлагатай гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.