Италийн загварын брэнд Версаче цамцан дээрээ Хонг Конг, Макаог тусгаар улс гэж бичсэндээ уучлалт гуйж алдаатай үйлдвэрлэгдсэн бүх цамцаа эргүүлэн татаж устгасан байна. 

Гэвч Хятадын хэвлэлд бичснээр Хонг Конгчууд тусгаар байдлынхаа төлөө тэмцэж байгаа энэ үед ийм алдаа гаргах нь ганцхан уучлалт гуйснаар шийдэгдэх асуудал биш гэжээ. Мөн тус брэндийн Хятад дахь төлөөлөгч, жүжигчин Ян Ми Хятадын иргэнийхээ хувьд тус цамцны загварт дургүйцлээ илэрхийлж Версачегаас хамтын ажиллагаагаа тасална гэж мэдэгджээ. 

Тус цамц 380 доллараар худалдаанд гарсан ба пудволкууд дээр алдартай хот, улсуудын нэрсийг бичсэн байжээ. Тухайлбал, Милан- Итали, Нью Йорк- Америк зэргээр бичсэн ба Бээжин, Шанхай хотын ард Хятадыг бичсэн байна. Харин Хонг Конг, Макаог Хятадын нэг хэсэг бус тусгаар улс болгон бичжээ. 

Улмаар Хятадын 400 сая гаруй интернет хэрэглэгчид Версаче брэнд Хонг Конг, Макаогийн тусгаар тогтнолыг дэмжиж байна гэж бухимдлаа илэрхийлсэн байна. 

Версачегаас гадна барууны олон брэндүүд Хятадын иргэдийн шүүмжлэлд өртөж байсан юм. Тухайлбал, өнгөрсөн онд Дольче энд Габбана брэнд сурталчилгаандаа Хятад моделийг савх ашиглаж чадахгүй байгаагаар дүрсэлжээ. 

Мөн өнгөрсөн оны тавдугаар сард Америкийн Gap дэлгүүр Тайвань, Өмнөд Хятадын тэнгисийг Хятадын газрын зурагт оруулаагүй цамцыг худалдсандаа уучлалт гуйсан байна. 

Эх сурвалж: SCMP, CNN