Монгол Туркийн хамтарсан Улаанбаатар-Эмпати сургуулийн захирал Вэйсел Акчайг өнгөрсөн Баасан гарагт үл таних хүмүүс гэрийнх нь гаднаас хулгайлсан нь Туркийн улс төрийн захиалгат хэрэг гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Учир нь Туркийн Засгийн газар 2016 оны Туркийн төрийн эргэлт хийх оролдлогод Фетулла Гүлен гэгчийг буруутгадаг. Гүлен нь Исламын шашны номлогч бөгөөд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх замаар шашны буруу үзэл баримтлал дэлгэрүүлэгч, террорист хэмээн Туркийн Засгийн газар үздэг байна.

Тэгвэл Вэйсел Акчайг Гүлений талын хүн гэж Туркийн засгийн газар үзсэн тул түүнийг Монголоос хулгайлах оролдлого хийсэн байх магадлалтай.

Нийт 240 гаруй хүн амиа алдаж, 20 мянга гаруй багш нар багшлах эрхээ хасуулсан 2016 оны төрийн эргэлтэд хамаарал бүхий этгээдүүдтэй хариуцлага тооцохоо Туркийн Засгийн газар мэдэгдээд байсан юм.

Монгол Туркийн сургуулийнхны мэдээлж буйгаар тус сургуулийг хаалгах дарамт 2016 оноос хойш ирсэн бөгөөд Туркийн зүгээс Вэйсел Акчайг удаа дараа өгөхийг шаардсан хэмээн мэдээлээд байна.

Хэдий 16 цагийн дараа суллагдаж, цахим хуудсаараа “Монгол ахан дүүстээ баярлалаа” хэмээсэн ч Вэйсел Акчайг дахин хулгайлахгүй, заналхийлэхгүй гэх баталгаа байхгүй.

Тодруулбал, 2016 оноос хойш олон улс дахь Туркийн хөрөнгө оруулалттай сургуулиудыг Туркийн засгийн газар хаалгаж эхэлсэн, мөн дээрхтэй ижил  байдлаар нийт 100 гаруй хүнийг Косова, Камбож, Украйн зэрэг улсуудаас амжилттай хулгайлан Туркууд эх орондоо авчирсан хэмээн Туркийн гадаад хэргийн сайд мэдээлсэн байдаг.

Мөн Туркийн ерөнхийлөгч Эрдоганы хүү энэ сард Монголд ирж, албаныхантай уулзалт хийсэн нь Вэйсел Акчайн хулгайн хэрэгтэй холбоотой гэх сэжиг төрүүлж байгаа юм.

Монголд оршин суугаад 25 жил болсон, өнгөрсөн оноос эхлэн Германы хөрөнгө оруулалттай сургууль болж өөрчлөгдсөн, Монголын гадаад харилцааны яам ‘Туркууд хүн хулгайлаагүй гэсэн’ хэмээн мэдээлж байгаа ч дэлхийн өнцөг булан бүрээс “хүмүүсээ” цуглуулж эхэлсэн Туркийн засгийн газар Вэйселийг тайван орхих нь юу л бол.