Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өссөн байна. Тухайлбал, адууны ястай махны үнэ тавдугаар сараас 11.9 хувь, ямааны ястай мах 9.7 хувь, үхрийн цул махны үнэ 8.4 хувь, үхрийн ястай мах 6.5 хувь, хонины ястай махны үнэ 6.8 хувиар өсжээ. 

Ингэснээр өнгөрсөн долоо хоногийн байдлаар нэг кг үхрийн цул мах 14281 төгрөг, үхрийн ястай мах 11614 төгрөг, хонины ястай мах 10440 төгрөг, адууны ястай мах 9071 төгрөг, ямааны ястай мах 8500 төгрөгийн үнэтэй байна. 

Харин дээдийн дээд савласан гурилын үнэ 1.2 хувиар буурч, 1, 2-р савласан гурилын үнэ 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Мөн байцайны үнэ 22.8 хувь, хүрэн манжингийн үнэ 26.5 хувь, луувангийн үнэ 6.8 хувь, сонгины үнэ 3.2 хувь, төмсний үнэ 1.9 хувиар өссөн байна. 

Сонирхуулбал, өнөөдрийн байдлаар инфляцийн түвшин 7.0 хувьтай байгаа ба инфляци өсөхөд мөнгөний худалдан авах чадвар буурч, барааны үнэ өсдөг юм.