Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор энэ сарын наймны өдрийн БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үхсэн малын мах байж болзошгүй сэжиг бүхий их хэмжээний мах хот руу оруулахыг завдсан юм.

Тиймээс СХД дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар Баян-өлгий аймгийн Өлгий сумаас гарал үүслийн гэрчилгээтэй 20 тонн үхрийн мах нь шинэлэг байдлаа алдсан, харласан, эвгүй үнэртэй, хэт туранхай, хүнсэнд хэрэглэх боломжгүй байсан учир шинжилгээ авчээ.

Гэвч шинжилгээгээр тус маханд бүлэн болон булингар, давс үүссэн, өнгөний өөрчлөлтгүй, шинэлэг махны pH 5.6-6.4 байх байтал 6.6-7.5 байжээ. Ийнхүү хүнсний стандартын шаардлага хангахгүй үхсэн болон өвчтэй малын мах байна гэх хариу дүгнэлт гарсан байна.

Иймд эрүүл ахуйн шаардлага хангаагүй их хэмжээний махыг холбогдох байгууллагатай хамтран устгах, ариутгалын ажлыг хийхээр болжээ. Энэхүү махыг хот руу оруулахыг завдсан М-д Баян-Өлгий аймгийн прокурорын газраас зөрчлийн хэрэг нээн ажиллаж шалгаж байна.